300 иргэнийг тээвэрлэх автобус бэлэн болжээ

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амарсан билээ. Харин өнөөдрөөсхоёр улсын хилийг нээж байгаа ч Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэрийг Улсын онцгой комиссын хуралдаанаар гаргаад буй.

Одоогийн байдлаар хил орчимд Монгол Улсын 300 орчим иргэн эх орондоо буцахаар хүлээж байна гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна. Эдгээр иргэдийн зорчих автобусыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас явуулжээ. Өглөө 06.00 цагт зургаан автобус иргэдийг тээвэрлэхээр очсон юм байна.

Авто тээврийн үндэсний төвөөс нэгдүгээр сарын 28-наас эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийгээд байна.

Үүнд:

• Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн;

• Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг харъяалах аж ахуйн нэгж, компанийн албан_бичгийг үндэслэн;

• Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.

• Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй байхыг хязгаарлажээ.