С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
100 сая ам.долларын санхүүжилтээр цэнэг хураагуурын систем барина
УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав.
Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирчээ.
Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Оргил ачааллын үед эрчим хүчний дутагдлыг ОХУ-аас авч хэрэглэдэг бөгөөд 150-200 мВт-ыг импортоор авдаг байна. Цэнэг хураагуур нь 3 цаг тутамд 100 мВт эрчим хүч хуримтлуулах бөгөөд шөнийн цагаар үйлдвэрлэж буй эрчим хүчийг хуримтлуулж, тэр хэрээрээ импортыг бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байна. Сонгинод байгуулах цэнэг хураагуурын системийг ирэх өвлөөс буюу 2020-2021 оны өвөл ашиглалтад оруулах боломжтой хэмээн төлөвлөөд байгаа гэлээ. Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед нар, салхин цахилгаан станцууд эрчим хүчний дутагдлаа нөхөх боломжтой болж байгааг салбарын сайд Ц.Даваасүрэн хэллээ. Монгол Улсын хэмжээнд нэн тэргүүнд 250-300 мВт-ын цэнэг хураагуурын систем шаардлагатай юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар техник, технологи нь асар их хөрөнгө, үүнтэй зэрэгцээд дэвшил, сайжруулалт, сэлбэг, үйлчилгээний хамаарлыг бий болгож байдгийг тооцох шаардлагатайг сануулж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж, төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.