С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төрийн тайган З.Энхболд “тэд яахыг харлаа”
Дарангуйллын үеийн шүүх эргэн ирж байна!
Дарангуйллын үеийн шүүх ямар байдгийг энэ цагийн хүмүүс мэдэхгүй. Жирийн хүмүүс нь байтугай залуу шүүгчид чиг бараг мэдэхгүй байх. Харин социализмын үед амьдарч байсан бидний үеийнхэн сайн мэднэ. Социализмын үе бол дарангуйллын үе. Дарангуйллын хэлбэр нь “тоталитари” гэж нэрлэгддэг. Тоталитари хэлбэрийн дарангуйлал нь бусад дарангуйллын хэлбэрээс ялгаатай нь, төрөөс хүн бүрээ алхам тутамд нь мөрдөн мөшгиж, хяналтандаа байлгадаг юм. Бараг л өлгийтэй хүүхдийн уйлах нь хүртэл коммунист намын сурталд нийцэж байгаа эсэхийг мөрдөн шалгах шахна.
Социалист Монголын төр, дарангуйлагч этгээд (нэг хүн, эсхүл нэг нам)-ийн ашиг сонирхлыг хамгаалдаг “дарангуйллын машин” байсан юм. Дарангуйлагчийн ашиг сонирхолд нийцээгүй иргэнийг; тагнуул нь илчлэн илрүүлж, цагдаа нь байцааж, прокурор нь яллаж, шүүх нь ял оноож байв. Шүүх эрх мэдэл бол дарангуйлагчаас иргэнээ яллан цээрлүүлдэг “машин” байлаа.
Социалист шүүх, хуульд захирагдах гэдгийг мэддэггүй байсан юм. Монголын иргэд, шударга шүүхээр шүүлгэх эрхгүй байлаа.
Жишээ нь аугаа Чойням:
“Өчигдөр нь нөхөр нь үхэхэд маргааш нь өөр хүнтэй банзалддаг эмийн шинжтэй манай төр
Өвөг Чингистэй хонзонтой Оросын өлмийг долоож...” хэмээн шүлэглэснийг; тагнуул илчилж, цагдаа байцааж, монголын прокурор яллаж, монголын шүүх тэр ялыг нь оноожбайв.
Чойнямыг, чанга дэглэмтэй шоронд таван жилээр хорихоор яллаж байх үед тагнуул, цагдаагийн байгууллагыг Зөвлөлтийн зөвлөхүүд удирдаж байсан юм. Чойнямыг гэмт хэрэгтэн болгон шалгах, яллах хуулийн заалт огт байгаагүй юм шүү дээ!
1990 оны ардчилсан хувьсгалаар дарангуйллыг халсан. Дарангуйллыг халаад, Монгол улсын иргэн хэн ч байлаа “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” болохыг нэн тэргүүнд тунхаглав. Улмаар энэ эрхийг баталгаатай эдлүүлэхээ төр нь иргэндээ “амлаж” буйгаа Үндсэн хуулиараа нотлон зарласан юм.
Төр нь иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахын тулд; Ерөнхийлөгч,Ерөнхий сайд гэх мэт засгийн эрхийг баригчдаас шүүх эрх мэдлийг хараат бус байхаар тогтоов.Прокурор,шүүгчийг “том дарга нар”-т захирагдан ажилладаг явдлыг халан зөвхөн хуульд захирагдаж байхаар болгов.Прокурорыг шүүх эрх мэдэлд хамаатуулав.
Дарангуйллын үед том дарга нараас хараат байгаад сурчихсан шүүх эрх мэдлийг хараат бус бие даасан шүүх эрх мэдэл болгох амаргүй зорилтыг хэрэгжүүлэхээр Бахдал,Дэмбрэлцэрэн тэргүүтэй залуу хуульчдын багийг прокурор,шүүх рүү томилон явуулав.
Зөвхөн хуульд захирагддаг хараат бус шүүх эрх мэдлийг бий болгох нь үнэхээр амаргүй зорилт байв. Яагаад гэвэл,хэрэг мөрдөн шалгах практик нь; иргэдээ удтал цагдан хорьж залхаах гэх мэтийн аргаар хэрэг хүлээлгээд хэвшчихсэн,прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг дээд тушаалтны удирдамжаар хянаад сурчихсан,мөн шүүгч нь хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргаж байгаагүй ямагт прокурорын яллах дүгнэлтийг удирдамж болгон шийдвэр гаргадаг зуршилтай зэрэгт зуурчихсан тогтолцоог шинэчлэх байв. Гэхдээ л Бахдал, Дэмбрэлцэрэн нар, хараат бус шүүх эрх мэдлийг бий болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Хэрэг бүртгэх,мөрдөн байцаах,ял эдлүүлэх үйл ажиллагаанд прокурорууд хяналт тавин,хуулийн дагуу явагдаагүй аливаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг таслан зогсоодог болов.Шүүгчид,дарга нарын таалалд бус,хуульд нийцүүлэн шийдвэр гаргадаг болов.
Харамсалтай нь,Монгол Улсын Ерөнхий прокурор Бахдал,Ерөнхий шүүгч Дэмбрэлцэрэн нарын 90-ээд онд эхлүүлсэн ажил сүүлийн хэдэн жилд чиглэлээ өөрчлөн эргэж буцсан. Ийн эргэж буцан давхисаар өдгөө дарангуйллын үеийн шүүх эргэж ирсэн нь тодорхой болж байна! Монголд өнөөдөр ардчиллаас авторитари дэглэм рүү шилжих, улстөрийн макро түвшний үйл явц эрчимтэй явагдаж байгаа.
Төрийн дээд эрх мэдэл УИХ-аас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжээд байна.Уг нь ҮАБЗ нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага байсан юм.Одоо дээр нь гарсан. УИХ-аар зогсохгүй шүүх эрх мэдэл хараат бус байдлаа хэдийнээ алдсан.Хүссэн шүүгчээ солих эрхийг ҮАБЗ-д олгосон хуулийг УИХ баталснаас хойш бүр ийм болсон.
Авторитари дэглэм хүн бүрийг цагдаж хянаад байдаггүйгээрээ тоталитари дэглэмээс ялгаатай. Авторитари дэглэмд бол том дарга нарын “хөлд тээглэчихгүй” бол иргэн хүн “толгойгоороо хөлөө хийгээд явж” болно. Том дарга нарын ашиг сонирхолыг хөндөөгүй тохиолдолд л иргэн хүн эрх, эрх чөлөөгөө эдэлнэ гэсэн хэрэг.
Харин том дарга нарын “хөлд нь тээглэх юм бол” иргэнээ гэмгүй байсан ч төрийн хүчээр “дэвсээд гарна”. Ингэж дэвсэх ажлыг,том дарга нараас хараат болсон шүүх эрх мэдэл гүйцэтгэнэ.
Өнөөдөр Монголд авторитари дэглэм тогтож эхэлсний нэг тод илрэл нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа эргээд социализмын үеийнх шиг, хуульд бус, том дарга нарт захирагддаг болсон явдал болно.
Том дарга нарын даалгавараар иргэнээ; цагдаа, тагнуул нь мөрдөн байцааж, прокурор нь яллаж, прокурорын яллах дүгнэлтийг дагуулан шүүгч нь ял оноох болсон. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хуулийн дагуу, хуульд нийцсэн эсэх нь хамаагүй болоод байгаа!
Ерөнхийлөгч болон түүний тамгын газрын даргын гаргасан хүсэлтийн дагуу надад захиргааны хариуцлага ноогдуулж, миний бие, мөрдөн байцаагчийн эл шийдвэрийг эсэргүүцэн шүүхээр заргалдсан хэрэг явдал дарангуйллын шүүх эргэж ирсний нэг нотолгоо юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хоёр; Батүүл надад захиргааны хариуцлага ноогдуулах хүсэлт гаргасны цаад зорилго нь мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчид “хэр дуулгавартай” өөрсдөд нь ажиллахыг тестлэх зорилготой байсан юм шүү!
Ингэсэн болохыг, “(Батүүлд) яаралтай хариуцлага тооцож хариу мэдэгд!” гэх Ерөнхийлөгчийн хүсэлт,“Тэд (хуулийнхан) яаж шийдэхийг нь харъя!” хэмээх З.Энхболдын шүд зуусан үгс зэрэг хэлээд өгнө.
Ерөнхийлөгч болон тамгын газрын дарга хоёр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд захирагдаж биш том даргад захирагдах болсныг миний бие дээр туршиж тестэлж чадсан юм.
Надад захиргааны хариуцлага ноогдуулсан үйл ажиллагаа нь хуулийн дагуу, хуульд нийцэж, хуулийг зөв хэрэглэх наад захын шаардлагыг хангаагүй бөгөөд шүүгчид ч үүнийг мэдэж байсан юм. Прокурорууд, шүүгчид хуулиас биш, том дарга нараас үнэхээр айгаад байгааг би харсан. Үүнийг л З.Энхболд нар хүссэн аж.
Гэхдээ З.Энхболд нэг зүйлийг ойлгохгүй байна. Намайг эрх чөлөөгөөр “өвчилсөн” гэдгийг! Би монголчуудын эрх, эрх чөлөөний төлөө тултал тэмцэх болно!
Цагдаа, прокурор, шүүгч нь,дарга нарын томоос нь айдаг л юм байгаа юм биз, гар хөл нь болцгоодог л юм байгаа юм биз. Харин миний бие, ардчиллаас урвасан Ерөнхийлөгч Х.Баттулга, зуумтгай төрийн тайган З.Энхболд нартай тэмцсээр байх болно!
Жич: Монголын, өсөх ирээдүйтэй дарангуйлагч Оюун-Эрдэнэ, эмч хүний мэргэжлийн ёс зүйн уриа дуудлагыг эрүүгийн гэмт хэрэг болгон зарлан заналхийлж байна! Монгол хүний эрх, эрх чөлөөг Оюун-Эрдэнэ мэтийн “чацга”-ууд ил цагаан заналхийлэхдээ хүрсэн байгаа нь авторитаризм ямар хол явчихаад байгааг харуулж байна шүү!