Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ

УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 31-нээс эхлэн хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан байна. Энэ хугацаанд түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах юм.

Нийслэлийн прокуророос Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ.