С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Сүхбаатар: Баруун төвийн үзлийг БНХАУ хүлээн зөвшөөрдөг учраас АН-тай хамтарч ажилладаг юм
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АН-ын нэр бүхий төлөөлөгчид Хятадын коммунист намын урилгаар тус улсад айлчилсан. Үүнтэй холбоотой дүрс бичлэгийг мушгин гуйвуулж, мөнгөн тусламж авсан талаар зарим улстөрчид олон нийтэд цацаж байгаа учраас гүтгэлгийн шинж чанартай мэдээлэлд няцаалт өгөх зорилготой мэдэгдэл хийж байна гэв.
Энэ талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар асан “Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан АН-ын даргын айлчлалыг Хятадын талаас зориуд хүлээж авсан. Айлчлалын үеэр гол яригдсан асуудал нь шинэ Үндсэн хууль болон Монгол Улсын гадаад үзэл баримтлалд тодорхойлсон гадаад бодлогын зарчимд бид үнэнч байдаг. Энэ утгаараа хоёр хөрштэйгөө ямагт сайн харилцааг хөгжүүлэх, ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллана гэдгээ нотлон хэлсэн. Намын шугамаар харилцан хэрэгжүүлж болох асуудлаар ярилцлаа. Намуудын шугамаар эмэгтэй улстөрчдийн солилцоо хэрэгжүүлдэг. Түүнчлэн өсч яваа залуу улстөрчдийн солилцоо зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Хятадад эрх барьж байгаа нам коммунист үзэлтэй ч бид үзэл баримтлал нийцэхгүй гээд харилцахгүй байж болохгүй. Бид баруун төвийн үзлийн дагуу Монгол Улсаа хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлнэ. Үүнийг Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрч хамтарч ажилладаг юм. Улс эх орныхоо эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах боломжтой” гэлээ.
Мөн намуудын хоорондын хамтын ажиллагаа хамтарсан сургалт хийх, тодорхой төлөөлөгчид харилцан солилцох зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Аливаа улстөрийн намын дэргэд ийм байгууллага байдаг. ХБНГУ гэхэд төлөөлөгч солилцох зэрэг байдлаар ажиллаж байсан. Хятадын коммунист намын нэг онцлог нь парламентад суудалтай улстөрийн аливаа намын хамтын ажиллагааны асуудлыг хөгжлийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Энэ хүрээнд айлчлал явагдсан гэдгийг онцоллоо.