Л.Оюун-Эрдэнэ: Бид бол нэг монгол

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг ШИНЭ намд гардуулан өглөө. Тэрбээр “Баян ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн, шударга ёс алдагдсан, авлигал нүүрэлсэн, орлогын тэгш бус байдал, хот хөдөөгийн ялгаа зэрэг олон саар зүйл өнгөрсөн 30 жил бий болсон. Нөгөөтээгүүр, дэвшилттэй зүйл ч бий. Тиймээс хэн нэгэн зөв эсвэл буруутай гэж үнэлэхээс илүү тогтолцоогоо бодлогын хувьд үнэлэх нь зүйтэй гэж үзэж 30 жилийг бүхэлд нь үнэлсэн, төсөөлсөн бодлогын баримт бичгийг сүүлийн найман сарын хугацаанд гаргалаа. Манай улсаас бусад 11 улс 2050 оны зорилтоо тодорхойлсон байна.

 

УИХ-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Одоо хэлэлцүүлгүүд эхэлж байгаа учраас парламентад суудалтай намуудад өнөөдөр хүлээлгэн өгөх хуваарь гарсан. Энэ хуваарьтай давхцаж ШИНЭ нам болон бусад найман нам өнөөдөр эвсэл болж ажиллахаар гэрээ байгуулсан түүхэн цаг үе давхцаж байгааг бэлгэшээж байна. Бид бол нэг монгол. Хамтдаа бид илүү хүчтэй байж, Монгол хэмээх хөлөг онгоц бусад улстай уралдах уралдаанд түрүүлэхийн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Харин ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын санаачилгаар байгуулагдсан ажлын хэсэг Монголын шинэ хөгжлийн бодлогыг боловсруулж ирэх 30 жилийн хөгжлийг чиг хандлага, бодлого ямар байх вэ гэдэг боловсруулсан бүх нам, өнөөдөр ШИНЭ эвсэлд нэгдэж байгаа 10 намд гардуулж өгч байгаа сайхан өдөр байна. Өнгөрсөн 30 жилийн завхралыг засаж залруулахын тулд Монгол Улс бодлогоо гаргаж байна гэж ойлгож байна. Өнгөрсөн 30 жил бол авлигажсан төр засаг, МАНАН-жсан улс болсон. Ард түмний амьдрал ядуурсан, мөлжлөгө, оффшордсон 30 жил байсан гэж бид харж байна. Иймээс ирэх 30 жилийг шударга, сайжирсан, авлигагүй оффшоргүй 30 жил байлгахын тулд улс төрийн 10 нам нэгдэж ШИНЭ эвсэл байгуулж байна” гэв.