С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шаардлагагүй тохиолдолд хот хооронд зорчихгүй байхыг анхааруулж байна
Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагт нээсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтрэх тооцооллыг Цагдаагийн байгууллагаас гаргасан.
Хөдөлгөөн хязгаарлалтыг нээсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихсэх хандлагатай байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын зургаан цэгт Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн жолооч нарт хяналт тавьж, урьдчилан сэргийлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Зам нээгдэж байгаа хэдий ч холбогдох байгууллагуудаас хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тул иргэн, жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, шаардлагагүй тохиолдолд хот хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу.
Мөн нийт нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Та замын хөдөлгөөнд соёлтой оролцож, анхаарал болгоомжтой зорчсноор өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална.