С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Нямдорж: Надад хэдэн ч хэрэг үүсгэж болно
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэж, гишүүдийг 74 хувийн саналаар дэмжлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Дэд хороо байгуулагдсан тохиолдолд нэгд, ямар хууль зөрчигдсөн нь асуудлыг шалгах боломж гарна. Одоо мэдэгдэж байгаагаар хэд хэдэн хууль зөрчигдсөн байгаа. Хоёрт, гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрхэнд хэрхэн халдсан нь тодорхой болно. 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн тоог Тагнуулын дарга хэлсэн. Мөн энэ хэргээр далимдуулж дуртай хүнээ мөрдөн шалгаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар хийсэн. Үүнийг шалгаж төрд, олон нийтэд ил болгоно. Хүний аминд халдсан хэргийг ил хэлэлцэх гэхээр үндэсний аюулгүй байдалд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг ил болгоно. 18 жилийн өмнө нэг залуу Зоригийнх хаана вэ гэж асуусан. Энэ залуу С.Зоригийг хөнөөсөн залуу энэ байна гээд заагаад өгсөн байгаа юм. Мэдүүлэг гэж яриад байгаа юм чинь ийм л юм байгаа.
Хэргийг нь ил гаргачихвал худлаа гэдэг нь олон нийтэд ил болно. Ж.Батзандан гишүүний ярьсан гурван гишүүнийг гурвууланг нь би танина. Гурвуулаа цаг бусаар нас барсан. Улс төрийнх нь үйл ажиллагаа эрсдэлтэй байсан хүмүүс мөнөөс мөн. Зам тээврийн яаманд гарсан хэргийн шүүх хурал ямар учиртай хойшлоод байгааг би мэдэхгүй байна. Дэндүү илэрхий хэрэг шүү дээ. Гэтэл гурав, дөрвөн удаа хойшилчихлоо. Манай хууль хяналтын байгууллагад аймшигтай ялзрал байгаа нь үнэн. Энэ хэрэг шүүхэд шилжээд удаж байна.
1998 оны аравдугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон.
Би ажлын хэсэгт заавал орно. Нам, бүлэгтээ хэлж байгаад орно. 1937 оны арга хэлбэрийг таслан зогсоохын тулд бүх арга хэлбэрийг ашиглана гэж амлачихсан. Би тэр хардлага сэрдлэгээс чинь айхгүй байна. Би заавал орно. Надад хэдэн ч хэрэг үүсгэж болно. Тэрнээс чинь айхаа болиод 20, 30 жил болж байна.
Мафи гэдэг чинь төр, мөнгө, хуулийнхан нийлэхээрээ бий болдог. Монголд мафи бий болсон нь үнэн. Үүнийг яаралтай нурааж, салах хэрэгтэй. Мафийн толгойд нь хүрч чадахгүй доод талдаа 10 давхар систем бүрдүүлчихсэн. Эрдэнэтийн луйвар мафийн тогтолцоогоор явсан ш дээ. С.Зоригийн хэрэг бас энэ схемээр явж, шийдэгдсэн. Би шүүгч нарыг бүх насаар нь томилдгийг буруу гэж боддог. Монгол ийм цаг ирээгүй байна. Тиймээс мафийг нураахын тулд угсруулаад шийдэх асуудлуудыг УИХ-д оруулж ирнэ. Цаг бага үлдээд байна.
Ерөнхий прокурорыг хэрхэн ажиллахыг одоо харна. Монголбанкнаас хэдэн 100 тэрбумаар нь төгрөг хэвлэж, хувийн банкинд өгсөн нь шударга уу. Би энэ мафийг нурааж байж л санаа амарна. УИХ-аас байгуулах Түр хорооны Ажлын хэсэгт зөв, хуулийн төлөө ажилладаг, завхралыг засъя гэсэн сэтгэлтэй хүмүүсийг оруулах ёстой. Хов зөөдөг, туршуул маягийн гишүүдийг Ажлын хэсэгт оруулж болохгүй гэдгийг хатуу хэлье. С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ 1937 оны нөхцөл байдлыг сэргэсэн нь үнэн шүү. Цаашид 1397 он давтагдуулахгүй байх зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үндсэн хууль, шүүх, зарчим байхгүй болгосон. Зарчимд халдсан бүх хүмүүст хариуцлага тооцож, одон медалийг нь хураах хэрэгтэй” гэлээ.