Д.Нямхүү: Халдвар авсан хоёр иргэний биеийн байдал сайжирсан

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү COVID-19 халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 17-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирж Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Халдвар авсан 10 хүний биеийн байдлын талаар мэдээ өгье. Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал тогтвортой байна. Франц иргэний уушгины нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь сити оношилгоогоор үзүүлсэн. Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ" гэсэн мэдээллийг өглөө.