Тавантолгойн хувьцааны данс нээлгэхдээ сайтар судлахыг сануулав

“Эрдэнэс Тавантолгой” ХХК долоо хоног бүр хийдэг мэдээллээ хийлээ.


Мэдээллийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХХК 2.511.000 хувьца эзэмшигчтэй. Эдгээрээс олон төрлийн мэдээлэлтэй хүн бий. Ойлголтын зөрүүтэй байдал байгаа учраас долоо хоног бүр мэдээлэл хүргэж байгааг онцоллоо.

Эрдэнэс Тавантолгой хаалттай компани учраас нээлттэй болох үед зарах, шилжүүлэх, өвлүүлэх эрх үүснэ. Энэ талаар асууж хандаж байгаа иргэн их байна. Хэрэв компани нээлттэй болсон тохиолдолд нас барсан иргэдийн хувьцааг өвлөх эрх үүсэх аж. Мөн ногдол ашиг хэзээ олгож эхлэх талаар иргэд ихээхэн хүлээлттэй байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг хуваарилагдана. Одоогийн байдлаар хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 мянга гаруй иргэн байна. Хувьцааны дансаа өөрийн байнга ашигладаг банкны данстай холбосноор ашигаа авах юм. Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй 52 брокерийн компаниар дамжуулан гэрээсээ дансаа нээлгэх боломжтой гэдгийг мэдэгдлээ.

Түүнчлэн ногдол ашиг тараахтай холбогдуулан иргэд Монголын хөрөнгийн бирж дээр урт дараалал үүсгэх болжээ. Урт дараалал үүсгэх, олноороо цуглах нь эрсдэл дагуулж байгаа учраас брокерийн компаниар дамжуулан дансаа нээлгэх шаардлагатай гэв.

Данс нээлгэхдээ брокерийн компаниуд 5-10 мянган төгрөгийн хооронд хураамж авдаг. Мөн дансаа нээлгээд хувьцаагаа зарж борлуулах эсвэл нэмж хувьцаа авахад шимтгэл авдаг. Эдгээр нь харилцан адилгүй байгаа учраас дансаа нээлгэхдээ шимтгэл хураамжийг сайтар судалж, дансаа нээлгэх нь зүйтэй гэлээ.