О.Амартүвшин: Дэмжлэг үзүүлэхгүйгээр компани өөрийн хуримтлалаар хямралыг давж чадахгүй

Коронавирусийн халдварыг хязгаарлах хөл хорио болон гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн эдийн засагт гарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлэл хийлээ.

Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “МХАҮТ-аас 1500 гаруй компаниас “COVID-19–ийн ажлын байран дахь нөлөөлөл” сэдвээр судалгаа авлаа. Судалгаанд хамрагдсан нийт компанийн 33 хувь нь ажлын байраа цомхотгосон байна. Тэр тусмаа аялал жуулчлал, зочид буудал, иргэний тээвэр, хоолны газар, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлжээ. Засгийн газраас арга хэмжээ авахгүй бол ойролцоогоор 260 мянган хүн ажилгүй болж, 20 мянган компани үүд хаалгаа барих эрсдэл үүсчихсэн байна. Үүнийг дагаад нийгэм, эдийн засгийн гинжин хямрал үүснэ. Нийт судалгаанд хамрагдсан компаниудын 65 хувийнх нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа доголдсон, 30 хувь нь шаардлагатай бүх зардлаа бууруулсан гэж хариулсан байна. ААН-үүд ажлын байраа хадгалахад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гэж 60 хувь нь хариулсан байна. Дэмжлэг үзүүлэхгүй бол компани өөрийнхөө байгаа хуримтлалаар үүнийг давж чадахгүй” гэв.