НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 02-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.
НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл нийт иргэдийн 34 хувь нь саналаа өгсөн байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс санал авах хугацааг 20 хоногоор сунгаж байна. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэ удаа SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэдгийг онцолж хэллээ.