Гишүүн Ц.Мөнхцэцэгийн саналаар Төрийн тэргүүн ХБНГУ-ын Ерөнхийлөгчид хандлаа

УИХ-ын чуулганы өчигдөр /2020.11.19/ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Covid-19 вирусын эсрэг вакцинтай холбоотой маш чухал мэдээлэл өгсөн юм. Тэрээр “ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Штайнмайер Герман, Европын Холбоонд хандан "Covid-19"-ийн эсрэг вакциныг ядуу буурай орнуудтай хуваалцахыг уриалсан нь "Tagesspiegel" сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн. Герман болон Европын холбоо вакцины энэхүү квотынхоо хэсгийг ядуу буурай орнуудад өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлээд байна. Тиймээс Монгол улс вакцин авах асуудлаар ХБНГУ болон Европын холбоонд хандах нь зүйтэй болов уу” гэсэн билээ. Тэгвэл УИХ гишүүн Ц.Мөнхцэцэгийн УИХ-ын чуулган дээр хэлсэн энэхүү саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт Вакцин авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг хүсч, захидал илгээжээ.