Д.Нямхүү ХӨСҮТ-д эргэн ирэх үү?

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан болон Д.Нямхүү нарын дунд үүссэн зөрчил эцэстээ ХӨСҮТ-ийн захирлыг чөлөөлснөөр дуусгавар болсон. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд энэ оны нэгдүгээр сарын 21-нд тушаал гаргаж Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаас чөлөөлж байв. Түүнийг амаржсан эхийг тусгаарлах үйл явцад дэглэм алдагдсанд салбарын сайдын зүгээс хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн нь энэ юм.

Гэвч уг асуудал зөвхөн Д.Нямхүүгээр зогсохгүй МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас сайн дураараа бууснаар түүний тэргүүлсэн Засгийн газар танхимаараа огцрох нөхцөл бүрдсэн юм. Хэдийгээр У.Хүрэлсүхийн халааг авсан Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүний тал хувийг улираасан ч Т.Мөнхсайханыг С.Энхболдоор сольж байлаа.

Үүнтэй зэрэгцэн Д.Нямхүү Сүхбаатар дүүргийн Иргэний анхны шатны шүүхэд нэгэн хүсэлт гаргасан нь ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэх. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч шүүхээс Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр өнөөдрийг хүрээд байсан юм. Харин шүүхээс өчигдөр уг асуудлыг хэлэлцээд хойшлуулах шийдвэр гаргажээ. Шалтгаан нь хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танаилцах хүсэлт гаргасныг ийн ёсоор болгосон байна. Ингэснээр ирэх сарын 11-нд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар буцаан томилох эсэх асуудал тодорхой болох нь.

Д.Нямхүү нь 1997 оноос ХӨСҮТ-д ажиллаж эхэлсэн нэгэн. 2007 онд зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, тус төвийн захирлаар томилогдож байжээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх дөрвөн удаагийн шийдвэр гарсан байдаг. Шүүхээс Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хүлээн авч, хангасан тохиолдолд одоогийн захирал Л.Баттөрийн асуудал сөхөгдөх бололтой. Л.Баттөрийн хувьд гуравдугаар сараас уг албан тушаалыг хариуцаж эхэлсэн байдаг.

С.Ичинхорлоо