НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Баянголын аманд 2000 айлын орон сууц барина
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн Баянголын аманд барих орлогод нийцсэн орон сууц хорооллын төсөлтэй танилцлаа. Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм.
Санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа аж. 2009 оноос дэд бүтэцжүүлэх ажил эхэлж, газраа чөлөөлж, төлөвлөлтийг хийгээд эхэлжээ. Дэд бүтэц бэлэн байгаа учраас бүтээн байгуулалтын ажил, “Залуус” хороолол барих боломжтой гэдгийг албаныхан хэлж байлаа.
Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгджээ. Дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай. Өдгөө 10 га газарт 2007 айлын орон сууц барихаар төсөвлөсөн. 3000 хүний ажлын байр бий болгохоор тусгажээ. Хурдны зам ч мөн тус газрыг дайран өнгөрнө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маршрутаа сайн тооцоорой гэдгийг хэлж байлаа. Тэрбээр “Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, залуучуудын хувьд орон сууц гэдэг хоёр том асуудал байдаг. Тиймээс Засгийн газар үүнд оролцож байгаа. Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, газар чөлөөлөлт хийгдэнэ. Сонгинохайрхан дүүрэгт хоёр нүхэн гарц хийнэ. Улсын төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. Мөн гэр хорооллын дундах 10 газарт хэсэгчилсэн төлөвлөлт хийх шаардлага байна. Төрийн байгууллагуудаа үе шаттай гаргаж, хувийн хэвшлийн томоохон компаниудаа Засгийн газар уриалж, хамтарч ажиллана. Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг, гэр хорооллоо орон сууцжуулахын төлөө аж ахуйн нэгжүүдэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлнэ. 4-5 газарт хотын төв бүс байгуулж байж, төвлөрөл, түгжрэлийг сааруулна. Төр дэд бүтцийг нь татаж, сургууль, цэцэрлэг, ажлын байраар хангаж, дэд төв байгуулж, хувийн хэвшлээ уриална” хэмээн ярилаа.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Засгийн газар тогтоол гарч, үүнтэй уялдуулан Ерөнхий сайд газар дээр нь ажиллаж байна. Улаанбаатар хотыг тэлэх, төвлөрлийг сааруулах боломж, бололцоо бий. Үндсэн зургаан дэд төв дээр суурилж, хотын төвлөрлийг сааруулах бодлого явах ёстой. Мэдээж Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй” гэсэн юм.