НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
ХБНГУ-аас 413 сая төгрөгийн мэс заслын амны хаалт нийлүүлжээ
ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Женев хот дахь Төв офис хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан 145,068 ам.доллар буюу 413 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 462,000 ширхэг мэс заслын амны хаалтыг хүмүүнлэгийн тусламж болгон нийлүүллээ. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон холбогдох албаныхан оролцлоо.
Элчин сайд Ёорн Розенберг "Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод ХБНГУ нь Олон улсын вакцины хангамжийн КОВАКС хөтөлбөрт 2.2 тэрбум еврогийн санхүүжилтийг дангаар оруулсан хамгийн гол донор улс болохын зэрэгцээ Монгол Улсад КОВИД-19 халдварын эсрэг хариу арга хэмжээнд зориулан нийт 2.7 сая еврогийн дэмжлэг үзүүлсэн"-ийг дурдлаа.
Харин ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-тай хамтран хувийн хамгаалах хэрэгсэл-амны хаалтыг нийлүүлж байгаа нь КОВИД-19 халдвараас сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашид ДЭМБ хамтын ажиллагааг өргөжүүлж, бүхий л талын туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр хүмүүнлэгийн тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.