НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
"Чингис хаан" музейд 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэнэ
Чингис хаан музейн үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөнд туссанаар үзүүллэгийн 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр төлөвлөжээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна.
Дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх нийт 5927 ширхэг үзмэрийн 5741 ширхэг үзмэрийг төрийн болон орон нутгийн өмчийн музей, номын сан, архив, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, Эрдэнэсийн сан зэрэг 27 байгууллагаас татан авах бол 154 ширхэг үзмэрийг шинээр, 18 дурсгалын хуулбар, 10 дурсгалын макетыг тус тус хийлгэж, хөдөө орон нутгаас 4 чулуун дурсгалыг татан авч байрлуулах юм. Мөн хувь хүний цуглуулгад байгаа дурсгалт зүйлийг хуулийн хүрээнд худалдан авч музейн үзүүллэгт дэглэх боломжийн талаар судалж байна.
Өнөөдрийн байдлаар дотоодын 25 байгууллагад шилжүүлж авахаар тооцсон 5741 үзмэр, эд өлгийн зүйлийн жагсаалтыг хүргүүлж зохих бэлтгэлийг хангуулж байна. Мөн шинээр хийлгэх 26 уран бүтээлийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн, хуулбар хийх 3 дурсгалын хэв авах, цутгах, өнгө тавих ажлыг гүйцэтгэж дуусгасан, 10 дурсгалын макет хийх ажлын даалгавар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар бэлтгэж байгаа аж. Хөдөө орон нутгаас татан авахаар төлөвлөсөн 4 дурсгалын 3 дурсгалыг татан авсан бол 1 дурсгалыг ойрын үед татан авахаар ажиллаж байна.
Гадаадын 11 орны музей, номын сан, архив зэрэг байгууллагаас 106 ширхэг үзмэрийн хуулбарыг авч музейн үзүүллэгт дэглэхээр төлөвлөсөн. Уг асуудлаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад жагсаалтыг хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-нд цахим уулзалт зохион байгуулж, холбогдох чиглэлийг өгсөн. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 1 хуулбар, Польш улсаас 1 захидлын хуулбар, ХБНГУ-аас 4 хөрөг зургийн хуулбар, Их Британи улсаас 2 тэмдэглэлийн цахим хуулбарыг тус тус хүлээж аваад байна. Мөн Япон, Австри улсаас авах нийт 12 үзмэрийн хуулбарыг авах асуудлаар холбогдох байгууллагаас зөвшөөрлийг авч, гэрээ байгуулах түвшинд явж байна. Тайванийн Хааны ордон музейгээс Юань улсын түүхэнд холбогдох 34 эд зүйлийн хуулбарыг хүлээлгэн өгөх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн ба хүлээлцэх арга хэмжээг зохион байгуулах талаар хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж байна.
Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгад Чингис хаан музейд татан авах үзмэрийг түр хадгалах зориулалтын сан хөмрөгийн байр танхим бэлтгэж, ОХУ-ын Эрмитаж музейгээс авсан Чингисийн чулууны бичиг, хөдөө орон нутгаас татан авсан 3 дурсгалыг түр хадгалж байна.