НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
БНСУ-ын хил нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн 2021 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хилээр нэвтрүүлэх журамд өөрчлөлт оруулжээ.
Ингэснээр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Johnson & Johnson”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг урьдчилан сэргийлэх тарилгын бүрэн тунд хамрагдаж, 2 долоо хоногийн хугацаа өнгөрсөн гадаад, дотоодын тодорхой нөхцөл хангасан иргэдийг хилээр нэвтэрсний дараа тусгаарлалтаас чөлөөлөхөөр болсон тухай мэдээлсэн.
Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэйг ГХЯ-наас өгсөн мэдээлэлд дурджээ. Үүнд:
-Бизнесийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, хүмүүнлэгийн үйл ажиллагааны зорилгоор БНСУ-д ирсэн байх. Бизнесийн зорилгоор ирж байгаа тохиолдолд шуурхай утас 1566-8110, www.btsc.or.kr цахим хуудсанд хандаж урьдчилан хүсэлт гаргах ба хүсэлтийг холбогдох байгууллага шалгасны дараагаар тусгаарлалтаас чөлөөлөх батламжийг олгоно.
-"КОВИД-19" цар тахлын мутацид орсон хувилбар тархаагүй бүс нутгаас ирсэн байх. /тус бүс нутагт ӨАБНУ, Бразил, Маллави, Ботсвана, Мозамбик, Танзани, Эсватини, Зимбабве, Бангладеш, Экваторын Гвиней, Суринам, Парагвай, Чили зэрэг улс орнуудыг хамруулсан байна/
-БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/ дээрээ зочилж байгаа иргэд. Энэ тохиолдолд БНСУ-ын хилийн чанад дахь ДТГ-т тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт, төрөл садны лавлагаа, тарилгад хамрагдсан тухай нотломж, батламж зэргийг өгсөн байх.
-Тусгаарлалтаас чөлөөлөгдөх иргэдийг хилээр нэвтэрхээс өмнө болон нэвтэрсний дараа нийт 3 удаа КОВИД-19-ийн шинжилгээ авах ба хилээр нэвтэрсний дараагаар эрүүл мэндийн хяналтын аппликэйшний тусламжтайгаар хяналт тавина.
Хэрэв тусгаарлалтаас чөлөөлөгдөх зорилгоор хуурамч баримт бичиг ашигласан тохиолдолд торгууль ногдуулах, КОВИД-19 туссан тохиолдолд эмчилгээний төлбөрийг төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаа нэгдсэн удирдлагын төвөөс мэдэгджээ.
Энэ оны тавдугаар сараас зөвхөн БНСУ-д урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг хилийн чанадад зорчоод ирэхэд нь тусгаарлалтаас чөлөөлөх журам гаргаад байсан юм.