“ӨНӨӨДӨР”-т учирч, МАРГААШ руу тэмүүлсэн хоёр

Б.Энхцэцэг, Ж.Тэгшжаргал гэдэг хоёр нэрийг би эртнээс мэднэ. Уулзаж үзээгүй ч “Өнөөдөр” сонинд бичсэн нийтлэлийнх нь автороор илүү таньдаг байв. Хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа хамгийн өрсөлдөөнт талбар болох өдөр тутмын сонинд хүчин зүтгэж эхэлсэн өдрөөсөө уншигч бас өрсөлдөгчийн хувиар. Огт харж байгаагүй мөртлөө автороор нь хэзээний мэддэг, санамсаргүй байдлаар таарч ярилцахдаа удаан уулзаагүй анд нөхөртэйгөө уулзсан мэт дотно мэдрэмж төрүүлдэг тэрхэн хормыг сониноор хүмүүжсэн сэтгүүлчид сайн мэднэ.

Үүн шиг зөвхөн сонинд хэвлүүлсэн ярилцлага, нийтлэл, сурвалжилгаар нь төсөөлж явсан Энхээ эгч, Тэгшээ хоёртой уулзах бүрд сэтгэлд нэгийг өгүүлж, дотоод хүн рүү улам нэвтэрч, илүү ихийг мэдэх хүсэл төрүүлдэг байлаа. Яагаад ч юм төдийгөөс өдий хүртэл бүтээж, босгосоор өнөөдрийн хэмжээнд хүрсэн тэдний нөхөрлөлийн мөчлөг нь бусдаас тэс ондоо, магадгүй хамгийн үнэ цэнэтэй санагддаг болохоор тэр байх.

Ухаан орсон цагаасаа аливаа зүйлд чамбай хэрнээ болгоомжтой ханддаг амьдралаас авсан Энхээ эгчийн дадал ажил мэргэжлийн төвшинд уран донжтойгоос гадна голыг нь олж шигтгэдэг нийтлэлээс нь нэвт уншигддаг. Харин Тэгшээгийн хувьд өөр. Монголын сэтгүүлзүйд үзэгдээд өнгөрөх зэрэглээ төдий бус өөрийн гэсэн мөртэй явж болдгийг бусдадаа үлгэрлэж, харуулж яваа шинэ залуу үеийн төлөөлөл. Гагцхүү энгийн хэрнээ эгэлгүй гэмээр энэ хоёр эрхмийн ган мэт бат нөхөрлөл хаанаас, хэрхэн эхэлж, он цагийг туулсаар өнөөдрийг хүрэв...?

Хоёулаа МУИС-ийг төгссөн ч...

1996 оны намар. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Гадаад харилцааны ажилтан, судлаач мэргэжлээр төгссөн Б.Энхцэцэг яаманд эсвэл гаднын компанид мэргэжилтнээр орох сонирхолтой байжээ. Чех улсаас Монголд суугаа Элчин сайдын яаманд уртын дадлагаа хийсэн болоод ч тэр үү Гадаад харилцааны яам, эс бөгөөс олон улсын компани ойр санагдаж, орох хүсэл нь давамгайлсан байж мэднэ. Гэвч шилжилтийн нийгмийн шуурганаас гараагүй явсан Монголд ийм чиглэлээр ажилд орох нь өдрийн од шүүрэхтэй агаар нэг байж таарав. Цаг үеийн нөхцөл байдал нь ч донсолгоотой үе. Ингэж явахад нь төр дэргэдээ хэвлэлтэй байх ёсгүй гэсэн шийдвэр гарч нэрт сэтгүүлч Ц.Балдорж тэргүүтэй хүмүүс “Ардын эрх”-ээс өрх тусгаарлаж, “Өнөөдөр”-ийг үүсгэн байгуулсныхаа дараа гадаад мэдээний албанд орчуулагч авах зар өгснийг тэрүүхэндээ хараад өнгөрчээ.

Хорооллын эцэст дунд сургуулийн англи хэлний багшаар хоёр улирал ажилласан ч үг авдаг, “зөөлөн чих”-тэй түүнийг үлдээх удирдлагынхаа сонирхлыг гадарласан тэрбээр татгалзсан хариу өгчихөөд явж байсан гэдэг. Ажилтай, ажилгүй хоёрын хооронд явж байх зуур өнөөх зар санаанд бууж “Өнөөдөр”-ийн хаалгыг татсан түүнд нэг л эргэлзээ төрсөн нь “Сэтгүүлч мэргэжилгүй хүнийг сонинд авах уу? гэх бодол. Өөрийнх нь ойлголтоор салбарынхаа хамгийн мундаг хүмүүс л тэнд байдаг хэмээн боджээ.

Цаг хугацааны давхцал уу? хувь тохиол уу? хэлж мэдэхгүй шинэ хэвлэл ирсэн тухай Чехийн Элчин сайдын яамнаас хэл дуулгахад нь очиж авахад залуучуудад зориулан гаргадаг сэтгүүлд алдарт дуучин Селин Доин, Тони Брэкстон нарын ярилцлагыг нийтэлснийг тэр даруйд нь орчуулаад “Өнөөдөр”-ийг зорьжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лигдэн нарын мундагууд ажилд орохоор ирсэн Б.Энхцэцэгийн ярилцлагыг хараад нааштай хүлээн аваад зогсохгүй өөрт нь хэлэхгүйгээр шууд нийтэлсэн байна. “Чех хэлнээс орчуулсан Б.Энхцэцэг” гэсэн тайлбар ч тэдэнд сонин бөгөөд өвөрмөц санагдсан болов уу.

May be an image of Enkhtsetseg Batdorj and smiling/2003 он. "Өнөөдөр" сонин/

Дэлхийн алдартнууд гэхээсээ өдөр бүр цаг минут тутамд гадаад ертөнцөд өрнөж байгаа үйл явдлын мэдээлэл сонины нэг хөдөлгүүр хүч учраас тийм чиглэлийн хүн авах зар тавьсан нь ийнхүү биеллээ оллоо. Ажилд орсон өдрөөс анхны хуваарилагдсан албаны дарга нь Б.Лигдэн. Дэргэд нь загнаж, шүүмжлэхгүй мөртлөө алсуураа чиглүүлж, бэлтгэсэн материалыг нь засч, сайжруулна. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвдаш, Монхоо, саяхан гавьяат цол хүртсэн А.Мягмаржав нарын редакторууд ч өдөр тутмын сонины босгоор орсон Б.Энхцэцэгийн хувьд үнэтэй зөвлөгчид байв. Монгол хэлэндээ сайн, алдаагүй бичдэг хэрнээ найруулга зүй талаасаа маруухан түүнд эдгээр дөрвөн эрхэм дөртэй болоход нь нөлөөлж, бичсэн зүйлийг нь сайн ч нухжээ. Одоогийнх шиг компьютер байхгүй. Бүх шат дамжлага үзгээр бичиж, цаасан дээр засагдана. Энэ бүрд дэргэд нь байж яаж засаж буйг нь харсаар байгаад найруулга зүйг сурчээ.

Ж.Тэгшжаргалын хувьд ч ялгаагүй. Багаасаа сэтгүүлч болох мөрөөдлийг тээн түүндээ хүрэхээр хоёр ч сонголттой нүүр тулж явсан нэгэн. Есдүгээр ангиа төгсдөг жилдээ сэтгүүлч болох гэж яарсан тэрбээр Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч коллежид орохоор аавыгаа дагаад очжээ. Гэвч арван жилээ төгссөн хүүхэд байх гол шалгуур, шаардлага нь тээг болов. Тухайн үед аавынх нь найз Д.Батжаргал Сэтгүүлч коллежид ажиллаж таарсан ч 11 дүгээр ангиа төгссөний дараа элсэх болзолтойгоор салцгаасан байна.

2008 оны зун. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, Б.Тэгшжаргал арван жилээ төгсдөг жил сэтгүүлч болохоор шуудхан л МУИС-ийг зорьж, нийгэм, англи хэл, түүхийн хичээлээр шалгалт өглөө. Бүрэн дунд боловсролынх нь голч оноо сайн, МУИС-д орно гэдэгтээ ч өөрөө бат илгэлтэй байв. Ур чадварын шалгалтын хажуугаар эссэ бичүүлэх шалгуур Ж.Тэгшжаргалд алга урвуулах төдий амархан санагдав. Гол нь нэгээр үү? эсвэл хоёроор хуваариа авах уу? гэх бодол түүний толгойд эргэлдэж байлаа. Ээж нь хүүхдүүдийнхээ сонголтод нөлөөлөөд байдаггүй учраас өөрөө бүх юмаа зохицуулна.

Аавынх нь найз Д.Батжаргал Сэтгүүлч коллежээс буурь сэлгэж МУИС-ийн Утга зохиолын тэнхимд багшаар очсон байж таарчээ. Үүнийг мэдсэн тэрбээр сэтгүүлч болох оргилуун хүсэлдээ хөтлөгдөж, сурагч байхдаа аавтайгаа хамт очиж, уулзсан Д.Батжаргал багш руу орж, учир байдлаа хэлсэн байна. Хариуд нь Утга зохиолын ажилтан бэлтгэдэг анги бий. Сэтгүүлзүй 50, Монгол хэл, уран зохиол 50 хувь гэсэн байдлаар мэргэжил олгодог болохоор сонирхож үзэхийг зөвлөжээ. Хэдийнэ шалгалтаа өгчихсөн түүнд аавынх нь найзын санал хол санагдсан ч хүндэтгэх шалтгаанаар үзээд алдав. Аз гэх үү? эз нь таарсан уу? сэтгүүлзүйн ангид орохоор шалгалт өгсөн 60 хүүхдээс Б.Тэгшжаргал 60 дугаарт орж, сүүл мушгилаа.

Саяхан л нэгээр үү?, хоёроор уу? гэсэн бодол тээсэн түүнд гайхаж, гэмших нь зэрэгцэв. Шалгалт өгөхөөс урьтаж зөвлөх нэгэн байсангүй. Өглөө нь гэрээсээ гарахдаа “Хүү нь хувиараа авчихаад ирье” гэж ээждээ хэлээд гарсан хүсэл тэмүүлэл тэрүүхэндээ унтарсан ч Утга зохиолын тэнхимд давхар шалгалт өгснөө санаж, тэндээ тэнцсэнээр тайвшрах шалтгаанаа олов. Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэж, гашуун сургамж үлдээсэн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр тэр хувиараа авчээ.

Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд юу болоод өнгөрөв гэсэн байдалтай байлаа. 16.00-17.00 цагийн үед буюу жагсаал хяналтаас гарч эхлэх үед Ж.Тэгшжаргал юу ч бодож, анзаарсангүй. Автобусанд суугаад харихдаа тэнцсэн ангидаа сурч байгаад хоёр, гуравдугаар дамжаанаасаа солино гэсэн хувилбарыг тооцоолчихсон явж байсан гэдэг. Ийнхүү хүссэн сургуульдаа орж чадаагүй ч хуваариа авчихаад гэртээ очиход ээж нь “Өө тийм үү” гээд өнгөрчээ. Хувийн сургуульд бус МУИС-д орсонд нь баярласнаас биш төдийлөн ач холбогдол өгсөнгүй.

Сурагч байхаасаа тээж, хүссэн зорилгодоо хүрээгүй ч Ж.Тэгшжаргалд өөр нэгэн хаалга нээгдсэнийг тэрбээр огт төсөөлж гадарласангүй. 58 дугаар сургуульд сурч байхад захирал нь “Өнөөдөр” сонинг захиалдаг байжээ. Нэг өдөр захирлын өрөөнд дуудагдсан түүнд “Балдорж” сангаас эссэ бичлэгийн уралдаан зарласныг дуулгаж, оролцохыг санал болгов. Сурагч ахуй наснаасаа бичих эрдэмд дадсан тэрбээр хэд хоногийн турш бодож байгаад Туул, Сэлбэ голыг авран хамгаалах сэдвээр эссэ бичээд явуулж, 2008 оныхоо тавдугаар сард. Тэрийгээ ч таг мартав. Сурагчийн ширээнээс их сургуулийн оюутан болсон түүнд сургалтын төлбөр хэрэгтэй. Ээж нь өөрт байсан хэдийгээ шавхаж, сургалтын төлбөрийнх нь хагасыг хийлээ. Хоёр ах нь хоёулаа оюутан, гурван хүүхдийн төлбөрийг бүрэн төлөх нь жирийн нэгэн айлд хүнд ачаа учраас үлдсэнийг хэрхэхийг хэн ч мэдэхгүй.

Ийнхүү есдүгээр сарын 1 болж, Б.Тэгшжаргал оюутан болоод удаагүй байхад ээж рүү нь “Өнөөдөр” сониноос утас цохиж, “Танай хүүхэд эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байранд орсон” гэдгийг дуулгаад сургалтын төлбөрийг бүтэн жилээр даахаар болсныг хэлжээ. Одоогийнх шиг гар утас хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоогүй үе. Б.Тэгшжаргал оюутан хүний дадлаар гадуур явж байгаад гэртээ ортол ээж нь “Хүүш!, Тэгшжаргал аа, ийм юм боллоо” хэмээн инээмсэглэл тодруулан угтжээ. Сурагч байхдаа бичиж өгсөн эссэг таван сарын дараа шинэхэн оюутан тэрбээр таг санасан нь мэдээж. Гэр дүүрэн баяр хөөр болж, хэд хоногийн дараа “Балдорж” сангийн арга хэмжээний үеэр тэтгэлгээ гардсан Ж.Тэгшжаргал багш нартаа хэдийнэ нүдлэгджээ. “Өнөөдөр” сонины зүгээс тэтгэлгээс гадна дадлага хийх эрхийг түүнд олгосон байв.

Эзэмших мэргэжил нь утга зохиолын ажилтан учраас ангийнхан нь багш болох илүү сонирхолтой. Харин тэр сэтгүүлч болох мөрөөдөлтэй. Нэгдүгээр курсээ төгссөн оюутанд хийх юм бараг байхгүй. Үндсэн мэргэжил нь багш болохоор сэтгүүлчээр дадлага хийхээс хол хөндий. Харин “Өнөөдөр”-өөс түүнд дадлага хийх эрх өгсөн ч нэгдүгээр курсээ төгссөн оюутан том сонины редакц руу шууд ярьж зүрхшээсэнгүй.

Танилын нүүр халуун гэгчээр До.Цэнджав багшдаа санаагаа хэлэхэд нааштайгаар хүлээн авч С.Батбаатар эрхлэгч рүү ярьснаар “Өнөөдөр”-тэй холбогдож, Эдийн засгийн албанд оржээ. Бичсэн эссэнийх нь агуулга Туул, Сэлбэ голыг хэрхэн авран хамгаалах тухай. Байгаль орчны сэдэвт хамаарна. Анх очиход сонины редакциас ямар сэдвээр бичих сонирхолтойг тодруулахад юугаа ч мэдэхгүй хүүхэд “Гол усаа хамгаална аа” гэжээ. Энэ дагуу Эдийн засаг, байгаль орчны алба руу хуваарилсан нь энэ.

May be an image of Batbaatar Sodnomdarjaa and Tekist Tegshee

Дадлага хийж эхлээд хоёр долоо хоногийн дараа бичсэн мэдээгээ уншуултал нэг л буруу засчихсан юм шиг санагджээ. Уншсан хүнд нь хэлж чадахгүй ч С.Батбаатар эрхлэгч рүү мэдээгээ барьж очоод өөрчлөгдсөн тухайгаа учирласан байна. Түүний санааг төвөггүйхэн ойлгосон С.Батбаатар эрхлэгч уншиж үзээд зөв болохыг хэлжээ. Энэ үеэс бичсэн материал бүрээ С.Батбаатар эрхлэгчээр уншуулдаг болсон байна. Сэтгүүлчийн материалыг албаны дарга, дугаар удирдагч, эрхлэгч уншдаг нь сонины бичигдээгүй хууль, алтан дүрэм. Харин Б.Тэгшжаргал хоёр шат дамжлагыг алгасаад шууд эрхлэгчийн хүн болсон хэрэг. Сэтгүүлч болох оргилуун хүсэлтэй түүний замыг засч, зааварласан хүн нь С.Батбаатар эрхлэгч. Сэдэв санаа хэлнэ, ярилцана, зөвлөнө. Өдөр тутмын сонинд албаны даргаасаа давж эрхлэгчтэйгээ шууд “нөхөрлөнө” гэдэг баргийн сэтгүүлчид олдох хувь биш. Тийм байлаа ч магтахдаа магтаж, уурлахдаа уурладаг нь эрхлэгч хүнд байдаг өгөгдөл, зангараг юм.

Төсөөллөөс давсан нь

Үргэлж буцалж, нийгэм, улс төрийн хүрээнд бүүм болж байгаа сэдэвт олон эх сурвалжийн мэдээллийг цуглуулж, базаж, дүгнэж, олон талт хэрнээ чамбай бичихээс гадна ганц ч үг үсгийн байтугай найруулгын алдаа гаргах эрхгүй, хамгийн хариуцлагатай байх үүрэг сэтгүүлчийн нуруун дээр шууд буудаг нь өдөр тутмын сонины “гал тогоо”-ны энгийн бөгөөд хатуу дүрэм. Нягтлахгүйгээр гаргасан алдааг эргээд засах боломж олгохгүйгээр сэтгүүлчийн автороор дамжин бүхэл бүтэн сонины нэр нүүр нийгэм, уншигчдын шүүлтүүрээр ордог нь гашуун үнэн. Үүн шиг ажилд аваагүй байхдаа орчуулсан ярилцлагыг сонинд нийтэлснээс харахад өөрийгөө тоогдсон юм болов уу? гэж Б.Энхцэцэг боджээ.

Гэвч түүний санаандаа ургуулж, төсөөлсөн сэтгүүлчид угтсангүй. Кинон дээр гардаг эсвэл дандаа телевизийн сэтгүүлчдийг харж байснаараа бодож ойлгожээ. Телевизээр хүн байгаагаасаа өөр гарна. Харин тухайн редакцийн “гал тогоо”-ны бодит дүр төрх, тэнд юу өрнөдгийг жирийн үзэгч, уншигч мэдэхгүй. Б.Энхцэцэг тийм л төсөөллөөр өдөр тутмын сонины босго давжээ. Оюутан байхдаа мэргэжлийн орчинд хэдэн сараар бужигнаад үзчихсэн бол нэг өөр. Багш нараараа дамжуулаад сонсчихсон байсан бол гайхахгүй. Төв телевизээр гардаг Насанжаргал гуайн утга зохиолын нэвтрүүлэг, хүүхдийн кино, теле жүжиг, гэсэн гарын таван хуруунд багтах сонголттой үзэгчид үргэлж сэдэв нь буцалж байдаг сонины уур амьсгал төсөөллөөс давсан мэдрэмжийг төрүүлсэн нь энэ.

May be an image of 2 people, including Enkhtsetseg BatdorjЗурагтаар гардаг гоё, ганган хослолтой сэтгүүлчид тэрхэн хоромд геологи хайгуулын ажилд явах гэж байгаа юм шиг энгийн хувцастай хүмүүсийн төрхтэйгөөр угтав. Хослол биш ноосон цамц, жинстэй дүр зураг. "Өнөөдөр" сониныг үүсгэн байгуулагчид нийгмийнхээ сор болсон авьяаслаг, бичдэг залуусын эрэл хайгуулд гарсан үе. Тэдний дунд яруу найрагчид ч бий. “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг”-ийн Ж.Заяабаатарын ширээ хажууханд нь. Хааяа балгачихана. Үүнийг хараад гайхширал төрнө. Бүр “Би энэ хүмүүсийн нэг байж чадах уу?” гэсэн гэнэн бодол ч санаанд бууж байв.

Б.Энхцэцэг айлын ганц охин. Настай эцэг, эхтэй, багаасаа төлөв даруухан, болгоомжтой занг амьдралынхаа дадал болгосон нэгэн. Арван жилдээ сурлага сайтай байсан болохоор шүүмжлэл сонсч, чанга дуугаар загнуулж үзээгүй. Ийм зан характертай хүний төсөөлснөөс ч илүү ардчилсан шударга үзэл бодол давалгайлсан сонины редакцид орж ирээд эд эс нь болж “шингэнэ” гэдэг эхэндээ хүнд. Сэтгүүлчдийн өрсөлдөөний хамгийн шударга талбар учраас хэн нь хүчтэйгээ үзнэ. Нэгнээсээ илүү сайн юм хийх гэж өдөр бүр, цаг тутамд өрсөлдөнө. Хэрэлдэнэ, гар зөрүүлэх үе ч гарна. Дөнгөж их сургуулиа төгссөн төлөв даруухан эмэгтэйд энэ зэргийн ширүүн уур амьсгалд цочир санагдана. Ажлаас өгсөн хоолны талон нь заримдаа алга болно, сэтгүүлчийн гол зэвсэг болсон үзэг, бал тэсэхгүй. Оюутан байхдаа Чехийн Элчин сайдын яаманд хоёр сар дадлага хийснээс тэс өөр орчин. Нэг Монгол, гурван Чех димпомат ажилтнуудтай ажиллаж, дунд сургуульд хоёр улирал багшлах хүртлээ тэр төлөв даруухан, тайван орчинд идээшжээ.

Энэ бүгдээс сонин өөр байж, түүнийг барьц алдахад хүргэв. “Миний байх ёстой газар биш ч гэсэн дасан зохицоод амьдрах ёстой” гэж өөртөө амлалаа. Айлын ганц охин эцэг, эхээсээ зулгаах биш нэмэр болох ёстой. Гоё хувцас өмсөх нас ирлээ бус аав, ээжийнхээ ачийг хариулах үе ирлээ гэх бодол нь ийн давалгайллаа. Гол нь мөнгө авах ёсгүй, цалинтай золгож, тэднийгээ тэжээх ёстой хатуу зарчмаар сонины “гал тогоо”-нд тэсээд үлдэх шалтаг болжээ.

Сонины уур амьсгал болсон хойно бусдынхаа бичсэн юмыг шүүмжилнэ, муудалцана, харааж, ерөөнө. Заримдаа тэдний сөргөлдөөн “Энэ муу ишиг шиг юм” гээд л Б.Энхцэцэг дээр бууж, хэлмэгдүүлнэ. Энгийн нүдээр харахад этгээд санагдаж, жигтэй ойлголт төрүүлэх ч мэргэжлийн хүний нүдээр бодит өрсөлдөөн, эрүүл шүүмжлэл, байдаг л жирийн үзэгдэл. Өглөө нь ам мурийгаад өдөр нь шударга үнэний төлөө тэврэлдээд явах нь сэтгүүлзүйн бичигдээгүй хууль. Бүх юм нь ил байдаг нь хамгийн сайхан нь.

1996 он бол Монгол Улсын хамгийн донсолгоотой, хямралтай үе. Улс төрийн төвшинд ч, нийгмийн уур амьсгалд ч. Ийм эгзэгтэй цаг үед Төрийн хэвлэлээс өрх тусгаарлаж, чөлөөт ардчилсан редакцийг байгуулахдаа Ц.Балдорж эрхлэгч бэлтгэгдсэн сайн сэтгүүлч биш салбарынхаа архаг редакторууддаа найдаж, авьяастай, цаашаа хөгжих олон талаар хөгжих сонирхолтой хүмүүсийг нэгтгэх гэж үзсэний нэг нь Б.Энхцэцэг. Тухайн үеийн “Өнөөдөр”-т эмэгтэй сэтгүүлч цөөхөн байлаа. Ц.Хулан, Х.Тэргэл, Мэндээ тэгээд Б.Энхцэцэг гээд дөрвүүлээ. Сарын дараа Р.Эмүжин орж ирснээр тавуулаа болжээ. Одоогийнхтой харьцуулахад тухайн үеийн сэтгүүлзүйд эрэгтэйчүүд нь давалгайлдаг байсан гэсэн үг. "Одоо бодох нь ээ, алсыг харсан, даацтай сэтгэдэг нь эрэгтэйчүүд. Хөдөө гадаа их явна. Бааска гээд хойно төгссөн сэтгүүлч байлаа. Армийн амьдрал сурвалжилна. Хилийн цэргээс эхэлнэ. Олон хоногоор явна. Тухайлсан томилолтоос гадна аяны богцтой ирэх ёстой. Богцонд малчны хотхон, жирийн нэгний эгэл амьдрал багтана. Тэднийг голохоос илүүтэй омголон, шазруун, авьяас билэгтэй байгаа нь гоё санагдсан. Хүн сайхан юманд сэтгэлд татагддаг шиг дурлаж эхэлсэн” хэмээн тэрбээр ярьсан юм.

Б.Энхцэцэгийг сонинд анх орсон үеэс нийгэмд өөрийн гэсэн орон зайтай болох хүртэл гарах нь гарч, үлдэх нь үлдэхийн цагт жинхэнэ “Өнөөдөр” маягийн имижтэй хүмүүс үлджээ. Хөдөлмөрийн сахилга батаас эхлээд  хүмүүжил, төлөвшил нь жигдэрч ёстой л Бал эрхлэгчийн шаардлагад нийцсэн хэсэг нь “Өнөөдөр”-өөр овоглосон гэдэг.

МУИС-ийн Утга зохиолын тэнхимээс өдөр тутмын сонин руу “урвасан” Ж.Тэгшжаргалд тавьсан эхний шаардлага нь өглөөний шуурхайд заавал мэдээ хэлэх. Угаас сэтгүүлч бүр мэдээ хэлж, түүнийхээ хойноос явдаг нь сонины зарчим. Ангийнх нь охин 1617 лавлахад ажилладаг байснаар түүнд ийм асуудал үүссэнгүй. Орой нь залгаад маргааш болох үйл явдал, арга хэмжээний тухай цогц мэдээллийг авчихана, тэндээсээ шүүж, өглөөний шуурхайд хэлнэ. Нэг удаа цэцгийн үзэсгэлэн худалдааны тухай хэлснээр сурвалжилганд явжээ. Сонин дээр гарсан мэдээг уншигч хүлээж авах нэг өөр. Харин түүнийг бэлтгэж гаргуулсан дадлагын хүүхдэд анхны мэдээ нь сэтгэлээс уяатай явдаг зүйл.

May be an image of Tekist Tegshee and Enkhtsetseg Batdorj and people smilingАнхны мэдээндээ явсан Б.Тэгшжаргал ажил дээрээ ирж, бичээд сууж байтал тухайн өдрийн дугаар удирдагч Эрдэнэцэцэг “Дадлагын хүүхдийн мэдээ хаана байна” хэмээн хашгирах нь заалаар нэг сонгогджээ. Дугаар удирдагч гэдэг бол тухайн өдрийнхөө хамаг том дарга байдгийг уншигчид төдийлөн мэдэхгүй. Дарга юу гэнэ, тэр нь хууль болж, хүн бүр мөрдөнө. Амьхандаа мэдээгээ гоё бичих гэж хичээж суусан Б.Тэгшжаргал тэр даруйд нь дуусгаад өглөө. Гэтэл хажуугаар нь өнгөрч явахдаа “Ийм гарчиг өгдөг юм гэнэ ээ” гээд л хоржоонтой инээж суусан дугаар удирдагчаасаа хачин их ичжээ.

Маргааш нь өглөөний шуурхай болж, сонингоо ярихад хоёр алдаа гарчээ. Үг үсгийн алдаа гарвал редакци дотор бичсэн сэтгүүлч биш дугаар удирдагчийн толгой дээр шууд бууна. Хурлын дараа Эрдэнэцэцэг дөрвөн давхраас гурван давхар хүртэл Ж.Тэгшжаргалыг чимхэж буулгаад албаных нь дарга дээр дагуулж очин “Танай дадлагын хүүхдээс чинь болж хоёр алдаатай сонин гаргалаа. Цалингаасаа хасуулахаар болж байна” гэсэнд бүр их ичсэн гэдэг. Анхны мэдээ нь ийн алдаатай гарсныг тэрбээр огт мартдаггүй. Тэр үеэс хойш хичээж, хамт ажиллаж буй том авторуудаас суралцаж, хурцлагдсаар өнөөдрийн орон зайг бүтээхэд суурь багана болжээ. Үе тэнгийн харагдсан Д.Мөнхчимэг ч даацтай нийтлэлүүд оруулж байсан нь Ж.Тэгшжаргалыг илүү сайн бичиж, “Яг түүн шиг болно” гэх хичээл зүтгэл гаргахад нөлөөлсөн байна.

2009 оны зургаадугаар сар. Дадлага дууссаны дараа сониндоо үргэлжлүүлээд ажиллах санал тавьсныг тэрбээр зөвшөөрчээ. Хичээлээ тараад сонин руугаа яарна. Хононо, өнжинө. Хоёрдугаар курст байх үед сонины редакцид “Time”, “Newsweek” зэрэг хоёр гадаад сэтгүүл захиалж эхэлсэн байна. Гадаад мэдээнийхэн уншихаас бусад нь тоохгүй. Харин Ж.Тэгшжаргалд энэ нь боломж байлаа. “Болор толь” хажуудаа тавьж байгаад уншина. Ингэж явсаар тэдгээр сэтгүүлд гарсан нийтлэлийн амтанд орж, долоо хоног бүр хүлээдэг болов. Гуравдугаар курсээсээ сурвалжилга хийхээр болбол “Time”, “Newsweek”-ээс уншсан зүйлээсээ санаа авна. Энэ бүгдийг хөндлөнгөөс харж суусан С.Батбаатар эрхлэгч битүүхэндээ дэмжинэ. Үүнийгээ ил гаргахгүй ч нааштайгаар хандана. Аливаа юмыг хуурай тоо баримтаас илүү хүлээн авч байгаа хүнээр дамжуулах нь чухал. Баримтаар эхлэх биш энгийн байдлаас эхэлж хүргэх нь чухал, тийм дадлыг барууны хэвлэл, сэтгүүлзүйгээс олж харсан гэдгийг Ж.Тэгшжаргал онцолсон юм.

Үл таних эмэгтэйн нуруунд “дурласан” түүх

2010 оны хавар. Эрээн рүү тав хоногийн томилолтоор явсан Тэгшээ ажил дээрээ сууж байтал даашинзтай үл таних эмэгтэй хажуугаар нь явж өнгөрчээ. Өөрийн эрхгүй харц татагдаж, араас нь харахад тэр эмэгтэй урд талынх нь ширээнд суугаад компьютерийн гараа тачигнуулаад эхэлжээ. Ажилд орсон үеэсээ Тэгшээ ийм нэгнийг хараагүй мэт. 17.00-18.00 цагийн алдад өнөөх харц булаасан гоё эгчийн ажил нь дууссан бололтой “За явлаа” гээд л гарч одов. Бусад хүнтэй хэзээний танил, цаанаасаа эмэгтэйлэг дүр төрхтэй нэгэн бичих юмтайгаа зууралдсаар 22.00 цаг хүргэдэг Тэгшээг соронз мэт татжээ. Өдөр тутмын сонины гуравдугаар нүүр бол стратегийн нүүр. Тухайн “гал тогоо”-нд байгаа сэтгүүлчдийн бүтээлээс асуудал дэвшүүлсэн хамгийн даацтай нь орно. Тэр бүгдэд уран донжтой бичиж, нийтлүүлдэг Энхээ эгчийн өгөгдөл сэтгүүлчээр ажиллаад удаагүй Тэгшээгийн урам зоригийг улам өдөөсөн байж мэднэ. Ийнхүү нуруунаас нь харсаар, бүр “дурласан” түүний толгойд Энхээ эгчтэй ярьж үзэх бодол эргэлдэж эхэлжээ. Нэг мэдэхэд шилэн хаалтны хоёр талд суудаг Энхээ эгч, Тэгшээ хоёр уулзаж, ярилцдаг болж өнөөдрийн үнэ цэнэтэй нөхөрлөлийн шанг татсан байв.

Үргэлжлэл бий...

С.Гандөл