Д.Долгоржав:Тарьсан мод эхний 3-5 жилдээ хүүхэд шиг асаргаа шаарддаг

Ойн инженер Д.Долгоржавтай ярилцлаа.

-Мэргэжил бүхэн сайхан. Та бол ойн инженер. Мэргэжлийнхээ хүрээнд олон мод тарьж ургуулсан байх. Ойн инженер гэхээр зарим хүнд сонирхолтой санагдах болов уу?

-МУИС-ийг ой судлал мэргэжлээр 2006 онд төгсөж, долоон жилийн дараа магистраа хамгаалсан. Жил ирэх тусам мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч байна. Өөрийн болон баг хамт олныхоо хүч хөдөлмөрөөр бий болгосон ногоон орчинг хардаг. Хийсэн ажлын минь үр дүн нүдэнд харагддаг учраас мэргэжлээрээ бахархдаг. Бид бүхэн байгаль эхээс мөн газар шорооноосоо бүх хэрэгцээт зүйлээ авч чаддаг болохоор хариу барих, хойч үедээ үлдээх “ногоон алт” бол мод тарих юм.

2008 онд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ойжуулалт хариуцсан менежерээр Төв аймгийн Лүн суманд томилогдож ажилласан. Энэ хугацаанд  нийт 350 га ойн зурвас шинээр байгуулж, 200 мянга гаруй мод, сөөг тарьж, амжилттай ургуулсан байна. Энэхүү цогц бүтээн байгуулалт миний ажлын гараа, туршлага, суурь болж өгсөн юм. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж, туршлага хуримтлуулсны үндсэнд 2019 онд “Хоргын гол” компанийг байгуулж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтарч мод үржүүлэг, хот тохижилт ногоон байгууламжийн ажил гүйцэтгэж байна. Жил бүр амьдардаг хорооноосоо 10 айл сонгож мод, сөөг хандивлах аяныг уламжлан болгон зохион байгуулдаг болсон.

-Жил бүрийн хавар албан байгууллага, айл өрхүүд мод тарьдаг. Мод тарих процесс хэрхэн явагдаж, ямар шат дараалалтайгаар таривал үр дүнтэй ургах вэ?

-Мод тарих гэдэг ойлголт маань өөрөө бүхэл бүтэн цогц ажил шаардаж байгаа юм. Би мод тарилаа гээд зураг авахуулахдаа гол биш. Хавар, зун, намартаа арчлах, бордох, услах гээд заавал эргэж тойрч тойглох ёстой юм. Мод, сөөг бүр өөр өөрийн гэсэн ургах орчин нөхцөлтэй. Зөв стандартын дагуу тарихаас гадна сонгож авсан модны суулгац 2-5 настай, зөв титэмтэй, үндэс сайтай, гэмтээгүй байх ёстой. Иймээс ямар хөрсөнд юуны суулгац тарих гэж байгаагаа заавал мэргэжлийн хүнтэй зөвлөж тодруулах нь эдийн засаг,  цаг хугацааны хувьд ч үр өгөөжтэй байх болно. Дээр хэлсэнчлэн мод тариад  хаяж орхих биш. Үр хойч, байгаль эхдээ үлдээж байгаа том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар хөрсөнд, ямар мод сонгож тарих гэж байгаа нь хамгийн чухал. Тарьсан мод чинь байгальдаа дасан зохицож ургах хүртлээ эхний 3-5 жил байнгын усалгаа, арчилгаа, бордоо, таналт шаардана. Анх модоо зөв тарихаас арчилгаа эхэлнэ. Тарьсан модныхоо усалгааг зөв зохицуулж, тогоо доторх зэрлэг ургамлаа зулгааж цэвэрлэх хэрэгтэй. Долоодугаар сар ид ургалтын үе учраас бордож өгөх нь модны өсөлт, ургалтад хамгийн чухал ач холбогдолтой.

Хортон шавж гарвал дур мэдэн хор цацаж, хөрсөө хордуулж болохгүй. Цаг алдалгүй мэргэжлийн хүн дуудаж зөвлөгөө аваарай. Түүнчлэн модоо малаас, жимсний бутны жимсээ шувуунаас хамгаалж тор татах зэрэг наад захын бэлтгэл ажил болон гарах эрсдэлд байнга бэлэн байх ёстой.

-Монгол Улсын нийт газар нутгийн 7.9 хувийг ой мод эзэлдэг. 2020-2024онд энэ тоог 8.6 хувьд хүргэх зорилтыг салбарын яамнаас тавьсан. Та үүнд хувь нэмрээ оруулж байгаа. Одоогоор нийт хэчнээн төрлийн мод тарьж байна вэ?

-Сэлэнгэ аймагт хамтарсан мод үржүүлгийн жижиг газар байгуулсан. Цаашид хотын бүсэд ойрхон газар сонгож илүү өргөжин тэлэх зорилготой ажиллаж байна. Манайх чацаргана, бөөрөлзгөнө, интоор, нохойн хошуу, тэхийн шээг, агч зэрэг жимсний болоод гоёл чимэглэлийн 15 төрлийн мод, сөөгний суулгацыг тарьж худалдаалдаг. Мөн нарс, шинэс үрээр бойжуулж байн

-Мод тарьж, ургуулахыг нялх хүүхэд өсгөхтэй адилхан гэдэг. Гэтэл модыг усалчихвал ургана гэсэн ойлголттой  иргэд олон бий. Услахад хүртэл учиртай байдаг юм билээ. Модыг хэд хонож услах ёстой вэ?

-Яг үнэн. Модны усалгааг зөв хийснээр зуны хаталт болон хаврын хуурайшилтаас сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мод, сөөгний төрлөөс хамаарч усалгааны норм өөр өөр байдаг. Нийтлэг анхаарах зүйл бол өглөө эсвэл оройн сэрүүнд, худгийн хүйтэн усаар биш жаврыг гарсан усаар тогоог нь дүүртэл ханатал нэг удаагийн усалгааг хийх хэрэгтэй.

-Нэг үеэ бодоход гэр хорооллын иргэд ч хашаандаа мод тарьдаг болсон. Хашаанд ямар мод тарихад тохиромжтой вэ?

-Мод, сөөг тарих нь ногоон орчин бүрдүүлээд зогсохгүй хөрсний элэгдлийг хамгаалах, хүчилтөрөгч ялгаруулах, агаар цэвэршүүлэх ач холбогдолтой.Тиймээс манай иргэд сүүлийн жилүүдэд өөрийн хашаа, зуслан, албан байгууллагынхаа хашаа, гадна талбайд амьд орчин байгуулахыг их хүсдэг болсныг хараад бахархдаг.

Харин тэр бүр модны сонголтоо зөв хийж чадахгүй байгаа нь их ажиглагдах юм. Жишээлбэл, байшинтайгаа ойр улиас, нарсыг тарьсан эсвэл намаг ихтэй газар буруу мод сонгосноос болж ургаагүй тохиолдол харагддаг. Тиймээс та бүхэн мэргэжлийн хүнээр хөрсний шинж чанараа харуулж зөвлөгөө авах хэрэгтэй.  Мод, сөөгнийхөө талаар интернэт орчин  ашиглаж ургалт болон арчилгааны талаар анхны мэдэгдэхүүн авч болно.

“Амьд” хашаа бий болгохыг хүсэж байвал шар хуайс, хайлаасыг сонгож шатарлаж шуудуунд тарих нь зохимжтой. Учир нь, энэ сөөг маань хэлбэржүүлэлт маш сайн даадаг бөгөөд арчилгаа бага шаарддаг. Навч болоод цэцгээрээ гоёдог гэвэл агч, голт бор, монос, буйлс, гүйлс, тэс, тавилгана, харин жимсэлдэг гэвэл нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, интоор гээд маш олон сонголт байна. Мөн та хашааны хэмжээ болон үл хөдлөхийн зайгаа маш сайн тооцож, хар зураг гаргаж төлөвлөгөө гаргах нь чухал.

-Мод тарих, суулгац суулгах, мод суулгах, суулгац тарих гээд янз янзаар яриад байдаг. Энэ нь иргэдэд буруу мэдээлэл, эргэлзээтэй ойлголт төрүүлдэг.  Уулын модыг хөрөөдөж авчраад хашаандаа суулгачихсан тохиолдол байдаг шүү дээ?

-Үрсэлгээ гэдэг нь цэцэг, ногоон дээр хэлнэ. Тарьц суулгац гэдэг нь мод, сөөгөн дээр хэрэглэгддэг үг хэллэг. Тарьц гэдэг нь мод үржүүлгийн газарт үр болон мөчрөөр ургуулсан, 1-2 настай модлог ургамлыг хэлж байгаа юм. Суулгац гэдэг нь бойжуулгын талбайд шилжүүлсэн, суулгаж ургуулсан хоёроос дээш настай модлог ургамлыг хэлдэг. Шилжүүлж суулгаж байгаа мод, сөөг маань төрлөөсөө хамаараад 2-5 настай, 60 см-ээс 1.5 метр өндөртэй суулгац сонгох нь стандарт юм. Харин уулнаас авчирдаг моднууд маань эхний хоёр жилдээ өөрийн үндэс болон чийгээр тэжээгдээд цааш ургах боломж маш бага байдаг. Учир нь, үндэс гэмтээх, тарих арга, тээвэрлэлт тал дээр тэр бүр стандарт барьж чаддаггүй. Манайхан том мод суулгах гэж их шунадаг. Энэ нь маш их эрсдэл дагуулахаас гадна санхүүгээрээ хохирдог тал ч бий.

-Жимсний мод тарьж үр шимийг нь хүртдэг хүмүүс олширч байна. Үүнээс монголчууд модоо тарьж, арчилж чадвал өөрсдийнхөө хэрэгцээг хангах боломжтой санагддаг.

-”Хүн бүр математикч байх албагүй” гэж үг бий. Боломж бол хэзээ ч нээлттэй байдаг. Ямар ч ажлыг хийхдээ сэтгэлээ зориулж тууштай байж чадвал үр шимээ хүртэнэ. Бид өөрийн эзэмшдэг 0.07 га хашаандаа зөв зохион байгуулалт хийж хоёр төрлийн 10,10 ширхэг жимсний мод тарихад хангалттай. Том биш хүлэмж бариад нарийн ногоогоо тариад сурчихвал гаднын генийн өөрчлөлттэй, хортой хүнсээс татгалзах бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр ингэж хэвшиж чадвал үр хүүхдэд чинь маш том өв соёл болж үлдэх юм. Эцэст, нь хүн бүхэн сэтгэл, зүтгэлээрээ  нэгдэж, ногоон орчинг хамтдаа бүтээе гэж уриалмаар байна.

С.Ичинхорлоо