Хайртай бүхнээ тэврэхийг хүсдэг “ХУРУУ”

“Ихэр үртэй боллоо” хэмээн баярлаж, догдолж байсан цэл залуухан бүсгүй, хүү, охин хоёртой болов. Хүсэхэд хясал гэгчээр орчлонг гэрэлтүүлж ирсэн хоёр ихрийн нэг охин үр нь төрөлхийн дөрвөн мөчний сарвууны гажигтай төрсөнд өнөөг хүртэл өөрийгөө буруутгасаар явна. Хоёр настай М.Анугийн зүүн гар хуруугүй. Баруун гарын хуруунууд наалдацтай. Баруун хөл нь хуруугүй. Зүүн хөлийн хуруу нь гажигтай төржээ. Сонсоход ч харамсалтай хувь заяаны тохиолоор хайрлуулах гэж аав, ээждээ ирсэн эрх бяцхан охин эгдүү хүргэм хөөрхөн. “Надад л заяасан бяцхан үрээ эмчлүүлэхийн тулд чөтгөрт хүртэл сүнсээ худалдахад бэлэн явна” хэмээн хоолой зангируулан хэлэх эхийн сэтгэлээс хайр, харуусал л мэдрэгдэнэ.

Сэргэлэн цовоо, өхөөрдөм бяцхан охин ухаан суугаад хэдийнэ хэрсүүжжээ. Ихэртэйгээ болон эгчтэйгээ гэрийнхээ хойморт тоглоно. Гэвч авахыг хүссэн тоглоомоо барьж чадахгүй. Чадахгүй хэрнээ авах гэж хичээх нь харуусал төрүүлэх. Хамгийн хайртай хүүхэлдэйгээ өөрийн гараар авах гэж хамаг чадлаа барсны эцэст ээж рүүгээ уйлагнан ирэх нь уйтай. Энэ  төрлийн эмгэгтэй хүүхэд 1000-д нэг төрдөг гэнэ. О.Отгонжаргал ихрүүдээ тээх явцдаа гурван удаа 4D эход харуулахад эмч “Ямар ч асуудалгүй. Эрүүл саруул бойжиж байна” гэж хэлжээ.

Эрүүл саруул ихэр үрс тээж явна хэмээн бодсон бүсгүй төрснийхөө дараа өрөвдөж, өхөөрдөж, хайрласан харцаар охиныгоо харахад харууслын гашуун нулимс хацрыг нь дагаж урсжээ. “Охин минь том болоод эрхтэн дутуу төрүүлсэн ээждээ гомдох байх даа” гэх бодол түүний зүрхийг зүсэж, сэтгэлийн өвтгөж эхэлсэн байна. Гэхдээ би үрээ эмчлүүлэхийн тулд өөрт байгаа бүхий л боломжийг сүвэгчилж, хагалгаа болон эмчилгээний зардлыг олно” хэмээв.

Хүүхдийн биеийн төлжилт 2-3 насандаа хурдацтай явагддаг. Энэ үед хуруу залгах хагалгаанд орвол өөрийнх шиг болох магадлал маш өндөр гэж эмч нар үздэг. Хагалгааг Монголд хийлгэх боломжтой болсон нь сайшаалтай. “DOCTOR” болон “HOSPITAL” эмнэлэгт Хятад, Энэтхэг, АНУ-аас нарийн мэргэжлимйн эмч нар ирж, хагалгаа хийдэг болжээ.  Хагалгааны зардалд 80 сая төгрөг шаардлагатай.

No description available.

Өөрийнхөө үргэлжлэл болсон охин үрээ эмчлүүлэхээр О.Отгонжаргал бугуйвч, ээмэг, бөгж, зүүлт зэргийг захиалгаар хийдэг. Хүнээс зүгээр мөнгө гуйх хүсэл түүнд байхгүй ч түмэн олны дэмжлэг, өөрийн гарын ураар зардлыг олохоор хичээж байгаа нь энэ. “Охиныхоо ирээдүйд гэрэл гэгээ асаахын төлөө хийж байгаа болохоор аз жаргалтай байдаг. Хайраа шингээж хийдэг дээ.  Терагерц гоёлууд түлхүү хийж байна. Эзэндээ ээлтэй чулуу. Чулууны хувьд шинжилгээний бичигтэй оригнал. Захилагч хүссэн загвараар хийлгэх боломжтой” гэв.

Түүний урласан бугуйвч 40 мянган төгрөгийн үнэтэй. Харин ээмэг зүүлт нь загвараасаа шалтгаалаад харилцан адилгүй. Худалдан авалт төдийлөн сайн биш ч эмчилгээний зардлынхаа тавхан хувийг олжээ. Тэрбээр “Охиноо эмчлүүлэх миний итгэл алдраагүй л байгаа.  Болдогсон бол өөрийнхөө хурууг өгөхөд бэлэн  байна.  Ээжийн үр  маш ухаантай намайг ойлгодог юм шиг санагддаг. Уйлахаар  нулимсыг арчиж тэвэрч тайтгаруулдаг” хэмээн хоолой зангируулав.

О.Отгонжаргал охиноо асаргаанд оруулахаар гурван удаа хурлаар орсон ч бүтээгүй гэнэ.  “Хүн гарын хуруугүй юу ч хийж чадахгүй биз дээ гэтэл хуралд сууж байгаа эмч нар нь танай хүүхэд хөнгөн байна аль нэг гар мухар байж орно гэнэ. Ингэж болохгүй биз дээ. Би Сонгинохайрхан дүүргээс гарсан УИХ гишүүд рүү хүртэл хандаж үзсэн тоодоггүй  юм билээ. Над шиг зовлон нэгтэй олон ээж зовж шаналж байна. Ийм өвчтэй хүүхдийн ирээдүй бүрхэг байгаад харамсдаг” гэдгий хэлэв.

No description available.

Охиныхоо эмчилгээний зардлыг олох гарц, гаргалгааг хайсаар хоёр жилийн хугацааг өнгөрүүлжээ. Эрүүл болно гэсэн итгэл дүүрэн харах Б.Анугийнхаа харцыг гомдол харууслаар солихыг хүсэхгүй. Өсч том болоод өөрийгөө зүхэж, нийгмээс нуугдаж амьдруулахыг хүсэхгүй байгаагаа хэлж байсан юм.

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин зовлонд хоёрхон настай охин ийн дарлагдаж, хүмүүсээс сэтгэлийн хандив өргөхийг хүслээ. Буян буцахдаа бороо мэт асгардаг гэдэг. Ээжийнхээ энгэрт эрх дураараа эрхлэх энхрийнхэн үрд эрүүл саруул болох нь энэ хорвоогийн хамгийн гэрэлтэй, гэгээтэй зүйл биш гэж үү?

С.Ичинхорлоо

Та бүхэн Б.Ану охины ээжтэй холбогдохыг хүсвэл 89162013 утсаар холбогдоорой.

Сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл О.Отгонжаргал: Хаан банк 5005937316