Хөнгөлөлттэй олгох жагсаалтад нэмж оруулсан 33 эм

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар Хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах худалдааны 33 нэршлийн эмийг нэмжээ.

Үүнд:

Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби

Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин

Ретровирусийн /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5

Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг

Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав

Зүрхний бах эмчлэх эм- Нипертен

Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо

Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг

Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40

Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок

Дархлал дарангуйлах эм- Ципол-Н

Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон багтаж байна.

Та эдгээр эмийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой ба цусны даралт бууруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙГ АВАХДАА:

Иргэд даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмчид үзүүлж, онош тавиулсны дараа цахим жорыг бичүүлнэ.

Даатгуулагч цахим жорын бүртгэлийн хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлж, хурууны хээг уншуулах бөгөөд таны эмчилгээнд хэрэглэгдэх эм нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд орсон бол ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

ЖИЧ: Хэвтрийн болон хүнд өвчтэй гэртээ байдаг даатгуулалчдад өрх, сум тосгоны эмч нь гэрийн эргэлт, үзлэг хийх үедээ хурууны хээг баталгаажуулж цахим жорыг бичих бөгөөд эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авахад асран хамгаалагчаар дамжуулж авна.

18 нас хүрээгүй хүүхэд, ажил мэргэжлийн онцлог болон бусад шалтгааны улмаас хурууны хээ нь уншихгүй болсон иргэд өрхийн эмнэлэгээрээ дамжуулан ЭМДЕГ-т хурууны хээ уншуулахгүйгээр хөнгөлөлттэй эм авах хүсэлт гаргана.