Т.Баярхүү: Хөндлөнгөөс аливаа шийдвэрийг шүүмжлэх маш амархан

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэд хэдэн асуудлаар тайлбар өгчээ. 

Тэрбээр "Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан. Саналыг холбогдох албаныхан хэлэлцээд хилийн чанадаас ирж байгаа иргэдэд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн. Харин вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргасан.

Тэгэхээр өмнөх журам хэвээр мөрдөгдөнө. Вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд давтан шинжилгээнд хамруулахаар болсон гэдгийг дахин хэлье. Хөндлөнгөөс аливаа шийдвэрийг шүүмжлэх маш амархан. Тодорхой хэмжээний хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож, халдварын тархалтыг бууруулж байж эмнэлгийн ачааллыг зохих төвшинд барьж тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй" гэжээ.