НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хөшигийн хөндий орчим дахь 3173 иргэн, ААН байгууллага газрыг чөлөөлнө
Хөшигийн хөндийд шинээр олон улсын нисэх буудлыг барьж, ашиглалтад оруулсантай холбоотойгоор хот төлөвлөлт болон газар чөлөөлөлтийн асуудлаар Газрын харилцаа Геодези зурагзүйн газраас мэдээлэл хийлээ.
Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр шинэээр Зуунмод, Майдар хотыг байгуулах юм. Энэ хүрээнд ерөнхий төлөвлөгөөний гурван газар нь хоорондоо 10-15 километрийн зайтай. Эдгээрийг нэгтгэх саналыг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргаж, Хөшигийн хөндий орчимд нэгдсэн төлөвлөлтийг боловсруулжээ.
Ингэснээр Хөшигийн хөндий орчмын 50 мянга орчим га талбайд хийх хот төлөвлөлтийг боловсруулж эхэлсэн байна. Үүний 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай аж.
Хөшигийн хөндийн хот төлөвлөлт нь:
- Шинэ Зуунмод хотыг дайруулж "Богд хаан" төмөр зам, RH3 буюу Ази Европыг холбосон хурдны замыг тавина. 2,000 орчим га газар нь тээвэр логистикийн төв болно.
- Ажлын байрны хангамжийг уялдуулахын тулд үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөж байгаа.
- Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд байна.
- Хөшигийн хөндийд 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөлт гарсан.
- Аялал жуулчлал, эдийн засгийн төв болно. Энэ нь олон улсын зэрэглэлд нийцсэн эдийн засгийн тусгай бүс байна.
- Сэргэлэн сумыг хоёр дагуул хотын эдийн засгаар дэмжих хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хөгжсөн хот байлгахаар төлөвлөсөн.
- Ирэх аравдугаар сард багтан ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах төлөвлөгөөтэй ажиллана.
Сонирхуулахад, улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га-д газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулжээ.
Энэ талаар "Газар чөлөөлөх ажлын хэсэг ажиллаад эхний үр дүнгээ танилцуулсан байна. Тодруулбал уг бүсэд 3,173 иргэн, ААН байгууллага газрын эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бий. Эдгээр иргэн, ААН байгууллагын газартай холбоотой асуудлыг Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор газрыг нөхөн олголтоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ зохион байгуулагдана. Судалгаагаар эхний ээлжид 76 иргэн, ААН байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах бэлтгэл ажил хангасан" гэдгийг Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр хэллээ.