Н.Түвшинбаяраас Сайд Моллай хүртэлх ЭВ НЭГДЭЛ

Н.Түвшинбаяр, Сайд Моллай. Энэ хоёр нэрийг монголчууд төдийгүй дэлхий нийт мэднэ. Хоёулаа жүдогоос төрсөн аварга. Олимп, дэлхийн хошой медалтнууд. Хувь заяаны тохиол гэх үү? эсвэл цаг хугацааны давхцал уу? 13 жилийн өмнө Н.Түвшинбаярын үед ирсэн эв нэгдлийг Монгол иргэншилтэй Сайд Моллай дахин үргэлжлүүлсэн юм.

2008 оны наймдугаар сарын 14. Бээжингийн олимпын жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Японы бөх К.Сүзүкитэй хийв. “Афин 2004” олимпийн аварга, 2003, 2005 оны дэлхийн аваргатай таарсан түүнийг эхэндээ хэн ч ялна гэж итгээгүй. Гарцаагүй медаль авах Х.Цагаанбаатар жүдогийн татамид ялагдал хүлээсэн үе. Гэвч дэвжээнд гарсан Н.Түвшинбаяр К.Сүзүкиг цэвэр, улмаар Герман, БНСУ, Азарбайжаны бөхчүүдийг дараалан ялж финалд гарч ирлээ. Саяхан итгэлийн гал нь бөхсөн монголчууд аваргын төлөө гарч ирсэн Н.Түвшинбаяраас мөнгөн медаль биш аваргын алтан медалийг хүсэв. Тэр нь ч ёсоор бол Н.Түвшинбаяр Казахстаны Асахат Житкиевийг үнэлгээгээр илүүрхэн ялж, олимпийн аварга болсон түүхтэй. Эх оронд нь өрнөсөн цаг үеийн орой бусгай, хар бараан өдрөөр хэмжигдсэн гуниг, харуусал, талцал, хуваагдлыг тэр, тэнд мандуулсан Төрийн далбаа тас цохиж, нийтээрээ, нийгмээрээ эвлэлдэн нэгдэх цорын ганц шалтгаан болсон юм.

2021 оны долдугаар сарын 27. “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай мөнгөн медаль хүртлээ. 2019 оны арванхоёрдугаар сард Төрийн тэргүүний шийдвэрээр Монгол Улсын иргэншилтэй болсон түүний хувьд “Бид бүгд багаараа зүтгэнэ, бид олимпод амжилт гарахыг зорьж байна. Монгол улсын Ерөнхийлөгч, Олон Улсын жүдо бөхийн холбоонд баярлалаа” хэмээснээс хоёр жилийн дараа ийнхүү зорилгодоо хүрсэн нь энэ. “Рио-2016” олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдсаныг эс тооцвол бусдаар жүдогийн татамид Моллайг зогсоох хүчтэн байсангүй. “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдал, төрийн эргэж буцсан шийдвэр, түүнийг тойрсон нийгмийн эгдүүцэл, бухимдлыг намжаах, дахин нэгдэх сэдэл, шалтгаан нь Монгол Улсын иргэншилтэй Сайд Моллай байна гэж хэн ч санасангүй. Гэхдээ л тэр 13 жилийн өмнө Бээжингийн тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж, олимпын аваргаа өлгийдөж асан монголчуудын цээжинд явдаг галыг асаасан нь маргашгүй үнэн.

Эндээс нэг АСУУЛТ гарч ирнэ. Тэр нь анхны олимпийн аваргатай болоход өдөлж, сэргэсэн монголчуудын эв нэгдэл, баяр, бахдалын буухиа Сайд Моллай хүртэлх 13 жилийн хугацаанд үргэлжилж, үнэт зүйл болтлоо үлдэж, үргэлжилсэн үү? гэвэл үгүй. Эсрэгээрээ Бээжингээс Токиогийн олимп хүртэлх 12 жилийн хугацаанд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайдын нүүрийг үзсэнээс бусдаар 2008 оных шиг эв нэгдэл эргэн ирээгүй л байлаа. Харин тэр үеийн дүр төрхийг санагдуулам, үндэсний эв нэгдлийн очийг сэдрээх хувь тохиол Сайд Моллай хэмээх аваргад байжээ. Их спортын хамгийн агуу бөгөөд бахархаж, хүндлэх шалтгаан нь ердөө л энэ.

Г.Эрхэс