НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Сумъяабазар: "Өглөөний гудамж"-д 300 сая орчим төгрөг зарцуулсан
Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийсэн байна.
Уг ажлын зардалд нийт 1.8 тэрбум төгрөгийг зарцуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд явах болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байна. Цаашид Жамъян гүний, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөсөн. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ. Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна” гэсэн байна.