Х.Болдбаатар: Мэргэжилтнүүдийг нэмж ажилуулна гэдэгт найдаж байна

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөл албан ёсоор хөшгөө хааж, чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Тэмцээний сүүлийн өдөр багийн төрлөөр медалийн тавцанд зогсох боломж манай баг тамирчдад байсан ч ОХУ-ын шигшээд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Багийн барилдаанд медаль авчих болов уу гэж найдаж байлаа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр сая Д.Сумъяа маань мөрөө гэмтээчихлээ. 100 хувь барилдаж чадсангүй. Бидний зорилго алтан медаль байсан. Гэхдээ өнгөрсөн жилийн хавраас бид маш хүнд байдалд бэлтгэл хийж ирлээ. Оны эхэнд бэлтгэлгүй шахуу Дохагийн мастерст явсан. Дараа нь гэр гэртээ бэлтгэл хийж байгаад хүүхдийн Найрамдал зуслан руу сарын бэлтгэлд явсан. Европын тэмцээн рүү явж, сайн байсан боловч багаараа "Covid-19" тусч, бүгд муудсан. Сар гаран хоригдсон. Ирээд бэлтгэлээ яг санасан хэмжээндээ хийгээгүй. 100 хувь ачаалал авахад асуудалтай байсан. Аль болох л бэлтгэл хийсэн. Ямар ч байсан нэг мөнгө, хоёр хүрэл гээд гурван медаль авлаа. Ё.Басхүүгийн хувьд хүрэл медаль авна гэж бодож байсан ч Абэг ялж чадсангүй. Хүрлийн төлөө ч чадсангүй. Ц.Цогтбаатарыг Оног ялчихна гэж бодож байсан шүү. Ерөнхийдөө гайгүй байсан. Эмнэлгийн тусламж аваагүй хүн байхгүй. Япон эмч маань сайн ажилласан. Даанч олимпод ирж чадаагүй. Чиний ач гавьяа энд их байсан шүү.

Жүдогийн шигшээ багийн терапист эмч, Японы улсын иргэн Масатоши Нишикидо өөрийн цахим хуудаснаа “Би 2020 оны нэгдүгээр сараас Монголын жүдогийн шигшээ багийн терапистаар ажиллаж байгаа. Х.Болдбаатар багш ярьж байсан шиг “Athletic trainer” ба “Physical therapist” гэдэг миний мэргэжил бол гэмтэлээс урьдчилан хамгаалах дасгал ба бие халаат, “taping”, эмчилгээ, гэмтлийн дараах спортод эргэн орох сэргээн засах эмчилгээ, ядралт сэргээх массаж гэх мэт зүйлийг хариуцаж хийдэг. Нүдэнд харагддаггүй, арын алба гэсэн үг. Монголд энэ мэргэжлийг сайн мэддэггүй. Гэвч дэлхий дээрх бүх төрлийн спортын багт дор хаяж заавал нэг мэргэжилтэн байдаг. Энэхүү постыг хийхээс үнэхээр санаа зовсон ч, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хэрэгтэй гэж бодож хийлээ.

Энэ хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй. Дасгалжуулагч нар намайг авч явахын тулд хичээсэн ч бүтсэнгүй. Олимпод яваагүй гэдэгт миний уур хүрч, бухимдаагүй. Тамирчдад амжилт гаргахад нь, миний тусламж хамгийн их хэрэгтэй чухал үед тусалж чадахгүй байгаадаа маш их харамсч байна. Цаашдаа ийм асуудал дахин үүсэхгүй гэж найдаж, бас хүсч байна.

Энэ олимпод манай бүх тамирчид дасгалжуулагч нар маш сайн оролцсон. Энэ багт ажиллаж байгаагаа бахархаж байна. Мөн зөвхөн жүдо гэлтгүй, Монголын бүх спортын төрлүүдийг илүү хөгжүүлэхийн тулд манай мэргэжилтнүүдийг нэмж ажилуулна гэдэгт найдаж байна. Баярлалаа” гэжээ.

Гавьяат дасгалжуулагч, тамирчин Х.Болдбаатарын хувьд 2019 оны есдүгээр сард Хөдөлмөрийн баатар, Ардын багш О.Балжиннямаас ажлаа хүлээж авсан юм.