Зургаан настнуудыг энэ сарын 9-нөөс цахимаар бүртгэхээр болжээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлож, улсын хэмжээнд 81 байрыг бэлдэж, нэг танхимд шалгуулах хүүхдийн тоог 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангасан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тэрбээр "Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна. Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна" гэсэн байдаг.

Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болсон юм. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 9-нөөс эхэлж цахимаар бүртгэхээр болсныг нийслэлийн Боловсролын газраас мэдээлжээ. Бүртгэлтэй холбоотой заавар болон холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас бэлтгэж байгаа аж. Энэ долоо хоногт багтан эцэслэж, цахим хуудсаараа дамжуулах гэнэ.