338.8 тн ургамлын гаралтай түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл буцаажээ

Өчигдөр шөнө буюу наймдугаар сарын 9-ний өдөр ачаа, тээврийн галт тэрэгнээс хаяг, шошго, баримтын зөрчилтэй 40 гаруй хайрцаг гоо сайхны бүтээгдэхүүн, 62 мянган ширхэг нэг удаагийн амны хаалтны зөрчлүүд илэрсэн байна.

Энэ талаар Замын-Үүд дэх Төмөр замын ложистик хяналтын цэгийн ХМХА-ны улсын ахлах байцаагч С.Солонго "Улсын хилээр өдөрт дунджаар 160 тээврийн хэрэгсэл нэвтрэн орж ирж байна. Замын–Үүд боомт дээр таван терминал бараа, бүтээгдэхүүнийг ангилан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.

Сардаа 4,200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч, гадаргуугийн болон жолоочийн бүхээг хэсэгт тогтмол халдваргүйжүүлэлт хийж байж нэвтрүүлж байгаа. Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өдөрт дунджаар 150 иргэн, аж ахуйн нэгжийн импортолсон 5,000 гаруй тн, 24,000 ширхэг бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийдэг.

Яг одоо бидний байгаа энэ хяналтын терминалд ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болон бусад төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн мэргэжлийн хяналтын шалгалтад хамрагдаж байна. Бид улсын хилээр нэвтэрч байгаа хяналт шалгалтыг хурдан шуурхай гүйцэтгэх зорилгоор лабораторийн шинжилгээнд хамрагдаж байгаа бараа бүтээгдэхүүний шинжилгээний дүнг өдөрт нь гаргаж, тухайн терминалын хэсгээс тээврийн хэрэгслийг гаргадаг. Өнөөдрийн байдлаар ачаа тээвэрт мэдүүлэлгүй бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нуун нэвтрүүлэх зөрчил удаа дараа илэрч  байна" хэмээн ярилаа.

Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнээс дурдвал гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн, бичиг баримтын зөрчилтэй нэг удаагийн 62,000 ширхэг амны хаалт, нийт 40 хайрцаг  хаяг шошгын зөрчилтэй, бичиг баримт байхгүй гоо сайханы бүтээгдэхүүн байгаа аж. Илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэн ажиллаж байна.

Зөрчлүүдэд авсан арга хэмжээ:

  • Экспортлогч улсад буцаасан-338.8 тн ургамлын гаралтай түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл
  • Хураасан-9.425 тн, 391,450 ширхэг хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, гоёл чимэглэлийн цэцэг, гоо сайхны бүтээгдэхүүн
  • Устгалд оруулсан-1-6 тн хүнсний бүтээгдэхүүн