Б.Пүрэвдорж: Нийтдээ 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал гарах
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, С.Зулпхар, С.Ганбаатар, Д.Ганмаа, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авсан. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, хуулийн 12.3-т 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэж цагаатгагдсан хүний нөхөн олговор нэхэмжлэх эрхэд хугацааны хаалт тогтоосон бөгөөд төсөлд уг заалтыг хүчингүй болгохоор тусгасныг дэмжиж байна гээд, харин зардлын тайланд туссан 1 тэрбум 788 сая төгрөгийн хамрах хүрээ, нэрсийн давхардал, нөхөн олговрын төрөл тус бүрийн эрхийн шалгуур, баталгаажсан нотолгоо хангалттай биш байгаа тул санхүүгийн тооцоолол дахин хийх шаардлагатай гэв.

Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж, Иргэдэд нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгснөөр 43 гомдлыг хүлээж авах боломжтой болно. Эдгээр хүмүүст нийтдээ 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал гарах юм. Энэ мөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2027 оны төсвийн төсөл хэлэлцэж буй энэ үед эхний ээлжид 1.0 тэрбум төгрөгийг суулгаж, үүнээсээ шүүхээр шийдэгдээд цагаатгагдсан иргэдийн ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн тайлбарлаж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Монгол Улсын соёл, шашны салбарт улс төрийн хилс хэрэг ихээн хохирол учруулж, олон сүм хийд, эртний соёлын үнэт өв устаж үгүй болсон гээд, иймд асуудлыг өргөн цар хүрээтэй харж, хохирлын асуудлыг дахин судлах цаг болсныг тодотгов. Мөн тэрбээр шашин, сүм хийд, лам нарыг үзэн ядах, үзэл санааг нь мушгин гуйвуулсан урлагийн бүтээлүүдийг засаж, залруулах арга хэмжээг авах, ажлынхаа цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөл батлагдсаны дараа ор сураггүй алга болсон 770 хүнийг цагаатгахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв. Түүнчлэн тэрбээр, коммунизмын үзэл суртал агуулсан кинонуудыг бусад улс орнууд хориглосон байхад Монголд үүнийг баатарлаг үйл мэтээр үзүүлж, ялангуяа лам нарын эсрэг суртал, ухуулгатай киног өнөөдрийг хүртэл үзүүлж байгаа нь буруу хэмээлээ. Иймд тухайн уран бүтээл, кинонуудын коммунизмын үзэл сурталтай хэсгүүдийг хасах, засварлах арга хэмжээ авах шаардлагыг Соёлын яам болон тодорхой түвшинд тавьж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хэлмэгдэгсдийн талаарх баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэн, сонирхсон хэн бүхэнд нээлттэй байх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гээд, хуулийн хэрэгжилтийг дүгнэж, сайжруулах эсэхийг тодруулсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зардлыг 300 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын архивт буй хэлмэгдсэн хүмүүсийн талаарх баримт материалыг цахимжуулах, иргэд тэндээс хэрэгт хамаатай гомдол нэхэмжлэлээ гаргах, шууд татаж үзэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Гэсэн хэдий ч ажил эхлээгүй байсан тул энэ мөнгө буцааж татагдсан. Сангийн яам баталсан дүнгээр нь буцаагаад 2027 оны төсвийн төсөлд тусгасан тул бид цахимжуулах ажлаа хийнэ. Үргэлжлүүлэн цагдаагийн байгуулагад байгаа архивын материалыг цахимжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн “төслийн 3 дугаар зүйлийн "3" гэснийг "12.3" гэж өөрчлөх, төслийн 2 дугаар зүйлийн “2” гэснийг “7.2” гэж, “холбогдох” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь тус тус дэмжив. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарын саналыг үндэслэн хуралдаан даргалагчаас нэг саналд гүйцээн боловсруулах чиглэлийг өглөө.
Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.