НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Нямхүүг буцааж томилох шүүхийн шийдвэр гарчээ
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох шүүх хуралдаан өнөөдөр болжээ.
Тодруулбал, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр авч хэлэлцсэн байна. Улмаар Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэр гаргасан байна.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан болон Д.Нямхүү нарын дунд үүссэн зөрчил эцэстээ ХӨСҮТ-ийн захирлыг чөлөөлснөөр дуусгавар болсон. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан энэ оны нэгдүгээр сарын 21-нд тушаал гаргаж Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаас чөлөөлж байв. Түүнийг амаржсан эхийг тусгаарлах үйл явцад дэглэм алдагдсанд салбарын сайдын зүгээс хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн нь энэ юм.
Гэвч уг асуудал зөвхөн Д.Нямхүүгээр зогсохгүй МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас сайн дураараа бууснаар түүний тэргүүлсэн Засгийн газар танхимаараа огцрох нөхцөл бүрдсэн юм. Хэдийгээр У.Хүрэлсүхийн халааг авсан Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүний тал хувийг улираасан ч Т.Мөнхсайханыг С.Энхболдоор сольж байлаа.
Үүнтэй зэрэгцэн Д.Нямхүү Сүхбаатар дүүргийн Иргэний анхны шатны шүүхэд нэгэн хүсэлт гаргасан нь ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэх байв. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч шүүхээс Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр өнөөдрийг хүрээд байсан юм.
Д.Нямхүү нь 1997 оноос ХӨСҮТ-д ажиллаж эхэлсэн нэгэн. 2007 онд зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, тус төвийн захирлаар томилогдож байжээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх дөрвөн удаагийн шийдвэр гарсан байдаг. Шүүхээс Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хүлээн авч, хангасан тохиолдолд одоогийн захирал Л.Баттөрийн асуудал сөхөгдөх бололтой. Л.Баттөрийн хувьд гуравдугаар сараас уг албан тушаалыг хариуцаж эхэлсэн байдаг.
Г.Эрхэс