Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, удирдлагууд цахимаар уулзаж, санал солилцлоо

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд 436 Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдаж 7000 орчим залуучууд хүсэл сонирхол, дуу хоолойгоо нэгтгэн нэгдээд байна. Эдгээр Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл, гишүүд удирдлагууд Олон улсын залуучуудын өдөр буюу өнөөдөр /08.12/ цахимаар уулзаж Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж, санал солилцлоо.

Энэ удаагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж удирдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын өгсөн чиглэлийн дагуу батлагдсан Залуучуудын хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний чиглэл, батлагдсан төлөвлөгөөг танилцуулж, зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал солилцсон юм.

May be an image of 7 people, screen and text

Мөн уулзалтад Монголын залуучуудын холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Гантулга, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч, ЗХҮЗ-ийн гишүүн О.Гэрэлт-Од нар оролцож ойн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа ажлаа танилцуулж, цаашид хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 15 төрлийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус 20 орчим байгууллага, тэдгээрийн залуучууд хамтран хэрэгжүүлж ажиллах юм.

May be an image of 3 people, people sitting, people standing, suit and indoor

2021 онд Монгол Улсад Залуучуудын байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний түүхэн 100 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа өнгөрсөн 04 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн юм. Анхдугаар хуралдаанаар засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, яам агентлаг, олон нийтийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн байгууллага болон мэргэжлийн, сонирхлын бүлгүүдэд Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах шийдвэр гаргасан.

Залуучуудын хөгжлийн зөвлөл нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг хангах, залуучуудын сайн дурын оролцоог нэгтгэх, дуу хоолойг нь сонсох зорилготой бөгөөд залуучууд үзэл бодол, санал санаачилгаа төрд хүргэх, төрийн бодлогын салбар дундын уялдааг бэхжүүлэх нэг алхам болж байгаа юм.