НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хүүхэд хамгааллын ажлаа эхлүүллээ
Жил бүрийн 08 дугаар сарын 12 Олон улсын залуучуудын өдөр байдаг. Энэ өдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтнууд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, хөгжих орчинд хөндлөнгийн хяналт хийх, коронавируст халдвараар өвчилсөн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, хүүхэд хамгааллын ажлаа эхлүүлэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгээс хүүхдүүдэд зориулсан хөгжлийн багц, халдвар хамгааллын хэрэгсэл хүлээн авлаа. Хүүхдийн танин мэдэхүйн багцыг Коронавирусын халдвараар гэртээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд хөгжихөд нь зориулж, дэмжлэг үзүүлэх юм.
ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ “Олон улсын хэмжээнд залуучуудын оролцоотойгоор, тэдний санал санаачилга, сайн дурын дэмжлэгтэйгээр нийгэмд тулгамдсан олон асуудал шийдэгдсэн сайн жишиг бий. Ийнхүү хүүхэд хамгааллын төлөө сайн дураараа нэгдэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье” хэмээгээд амжилт хүслээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын залуучуудын эвслийн "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөлтэй хамтран 18-аас дээш насны 219 Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтанг бэлтгэн батламжилсан. Эдгээр сайн дурын ажилтнууд орон нутагтаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах, сайн дурын эргүүлийг ажиллуулах, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, тоглох орчны аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлон зураглал гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад уламжлах,зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.
Сайн дурын ажилтнууд ажиллаж буй дүүрэг, орон нутгийнхаа Залуучуудын хөгжлийн төвүүдтэй хүүхэд, залуусын эрх ашигт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бууруулах ажилд сайн дураараа гар бие оролцон хамтран ажиллах бөгөөд тэдний Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байдлыг бүртгэн ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлэн баталгаажуулна. Нийт залуучуудыг сар бүр нэг цагийг сайн дурын ажилд зориулъя хэмээн тэд уриаллаа.