Л.Баттөр: Улаанбаатарт нас баралт бүртгэгдсэнгүй

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарынхан цар тахалтай амжилттай тэмцэж хариу арга хэмжээг сайн авч байна. Учир нь өнөөдөр баярын өдөр Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдсэнгүй. Салбарын ажилтнуудын хичээл зүтгэл. Ард иргэд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зөвлөгөөг дагасны үр дүн. 

Долдугаар сарын 16-нд коронавирусийн 260 нэмэлт дээжийг Япон руу явуулсан. Эхний 38 сорьцын хариу ирлээ. Ингэхэд нийт сорьцын 32 тохиолдолд нь альфа хувилбар бүртгэгдсэн. Дөрвөн сорьцод монгол хувилбар, харин  хоёр сорьцоос дельта хувилбар илэрлээ. Сорьцийн 5.2 хувийг эзэлж байна.

Энэ долоо хоногт эерэг гарсан шинжилгээний 10-20 хувьд PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхэд нийт 369 сорьцны 39-д дельта хувилбар илэрсэн байна. Нийт сорьцны 11.6 хувийг эзэлж байна" гэлээ.