Аниргүй жимийн ДУУН ХӨРВҮҮЛЭГЧ

Түрүүч нь http://uzeg.info/i/2916

Юугаар ч орлуулашгүй ТЭВРЭЛТ

Оюунаа эгч 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхэд Энхбат ах байгаагүй. Байх ч боломжгүй. Вагонд танилцсан улс болохоор. Түүнээс жилийн дараа 19 насныхаа төрсөн өдрөөр гэртээ ирэхэд нь Лев Толстойн “Дайн ба Энх”-ийн орос хэл дээрхийг нь бэлэглэж, дурсгажээ. Хэвлэлт нь Оюунаа эгчийн сонирхлыг татаж, цомхон орон зайд өөрийн гараар бичсэн агуулга бүхий үгс сэтгэлийг нь хөдөлгөжээ. Дараа нь Гүрж маягийн хүүхэлдэй нэмж бэлэглэв. Дунд буюу долоо, наймдугаар ангидаа урлагийн үзлэгээр Оюунаа эгч яг тийм төрхөнд хувирч тоглолт үзүүлж байж. Түүндээ ч дуртай, санаанд нь одоо ч хадгалагддаг нандин дурсамжийнх нь нэг. Ээж нь хувцсыг нь өөр оёж өгч, тодорхой хэмжээнд бэлдэж оруулсантай нь ч холбоотой байх. Сонирхолтой нь, Энхбат ах ч арван жилийн сурагч байхдаа тэрхүү дүр зураглалыг марталгүй явсан нь ийн илэрчээ.

May be an image of 2 people, people standing, snow and text that says "план пещеры 1 一"
Уралын өвөл. Оюутан цаг. Д.Энхбат, Д.Оюунцэцэг1978 он.

Харин Оюунаа эгч Энхбат ахын төрсөн өдрөөр өрх тусгаарласан хүүхдүүд рүүгээ залгаж “Аавдаа хэлэх үгээ ээждээ бичээд өгчих” гэснээр сэтгэлийн үгийг шингээсэн том зургийг “Адмон”-оор хэвлүүлж бэлэглэжээ. Өөрийнхөө сэтгэлийн үгийг ч нэмж тэрлэсэн байна. Аав, ээжийнхээ гэрт байх үед хэн нэгнийхээ төрсөн өдрийг бөөндөө хийчихэнэ. Тусдаа гарсны дараагаас өөрсдийн төрсөн өдрөө хүүхдүүддээ зориулж хийдэг болсон нь тэдний нэг уламжлал. Торт иднэ, ундаа ууна. Жижигхэн ширээ засаад тойрч суух өөрөө гэр бүлийн хамгийн сайхан уур амьсгал.

Аав, ээж нь ганц охиноо л гэнэ. Нэгэнт хүнийх болсон түүндээ чамин ээмэг, бөгж авч өгөхийг эрмэлзэнэ. Учиргүй үнэтэй цайтай биш ч алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн охиноо бусдаас дутаахгүй, хүний дайтай явуулах жирийн эцэг, эхийн чанар. Гэхдээ эд мөнгөөр орлуулахын аргагүй том хайр, энэрлийн илрэл. Тэдгээрийг Оюунаа эгч зүүж, гангарахгүй. Үгүйсгэж байгаа юм биш ээ. Зүгээр л тэр даруухан төрлийн хүн юм болохоор.

1995 онд Хавай явахаар болж, онгоцоор Монголоос Бээжинд буулаа. Нэгэнт хилийн дээс алхаж байгаа хүн эцэг, эхийнхээ өгсөн юмаар гангарах бодол Оюунаа эгчийн толгойд бууж, жижигхэн саванд бүгдийг нь хийж, багцалсан байв. Энхбат ах болон хамт яваа инженер залуугийн сахлын машин, зургийн аппарат тэргүүтэй бас бус юмыг нэгтгэж хийсэн цүнхний хамгийн гол хэсэг нь амьхандаа нандигнан хийсэн байжээ. Анх удаагаа Америк явж байгаа хүн сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй шахуу ачаа бараагаа цэгцэлсэн нь тэр. Бээжинд буусан өдрөө зочид буудалд нэг хоноод маргааш өглөө нь дараагийн маршрутаар явлаа, таксигаар. Олон улсын нислэг өөрөө цаг нартай, хоцрох шалтаг үгүй.

Зорьсон газраа очоод төлбөр тооцоогоо төлж, буучихаад нисэх онгоцны буудлаар сэтгэл нь догдолсон хүн хэсэгтээ явлаа. Нэг л юм дутуу санагдаад болдоггүй. Гэнэтхэн Оюунаа эгчийн царай хувьсхийж, тэндээ зог тусаж, тэг зогсолт хийв. Дэргэд нь явсан хань нь гайхширсан байдалтай учрыг лавлатал хамаг юмаа бөөгнүүлж хийсэн цүнхээ таксинд мартаад явуулжээ. “Паспорт чинь хаана байна?” гэсээр Энхбат ах тайван асууж байна. Аз болж гартаа барьсан цүнхэндээ бичиг баримт, онгоцны билет, хэрэглээний мөнгөө тусад нь хийснээ санав. Жижигхэн цүнх барьдаг хоббитой, хил, гаалиар гарахад шалгуулахад амар хялбарыг ч хэлэх үү?.

Үүнийг сонссон Энхбат ах “За!, билет, паспорт хоёр нь байгаа бол болоо” гэсээр тэр даруйдаа шуудхан ханийгаа тэвэрлээ. Араас нь “Кофе уух уу? яах уу?” гэж аргадсан даруйдай амсхийх юм авчирч өгснөөр Оюунаа эгчийн сэтгэл сая амрав. Амьдралынхаа турш авсан хамгийн нандин, том бэлгийн нэг сэтгэл санааны хямралд орсон ханиа маш хурдан хугацаанд тайвшруулсан Энхбат ахын үйлдэл амьдрал дээр ч үргэлжилж байдаг гэнэ лээ. Хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан.

1996 онд Канад явахад Ниагара хүрхрээ үзүүлсэн нь бас нэгэн том бэлэг. Монгол Сингапурын хооронд анхны чартер нислэг үйлдэхэд Энхбат ах өөрөө явах боломжгүй ч өөрт нь хэлэхгүйгээр бүх юмыг нь урьдчилж бэлдчихээд “Оюунаа чи яваад ир” гэсээр орж ирээд явуулж байсан нь тэдний амьдралын, тэр дундаа Энхбат ахын гэнэтийн бэлгийн нэг байв.

 “Оюунаатай муудалцвал гурав хоног хоолгүй”

Эрэгтэй хүмүүсийг ихэвчлэн аж ахуйч, хоол хийхдээ сайн гэх нь бий. Нэг удаа хадам аав нь Энхбатаар бүтэн өрөөл мах эвдүүлжээ. Эв хавгүйгээс гадна хутгыг нь хугалчихав. Энэ үеэс түүнийг хоол хийлгэх нь байтугай гал тогоонд нь ойртуулахаа больжээ. Оюунаа эгч гэрийнхээ аж ахуйн ажлыг яс хариуцна. Айлын ганц охин, аав, ээждээ эрх танхи өссөн ч тусдаа гарсны дараа бүх ажил түүний нуруун дээр ирэв. Эмэгтэй хүний зан. Одоо л Энхбат ах ойр зуурын гэрийн ажилд бага зэрэг дадаж эхэлсэн болохоос Оюунаа эгч машин барихгүй. Шаардлагатай зүйлийн жагсаалтыг гаргаад Энхбат ахад өгөөд дэлгүүр явуулна. Хоёр тор дүүрэн хүнс цуглуулна, авсан эвийг нь олоод махаа өөрөө эвдэж, янзалдаг Оюунаа эгчийн залуу насны дүр зураг одоо л Энхбат ах дээр бууж эхэлсэн болохоос...

Санал зөрж, ам мурийдаггүй гэр бүл, эхнэр, нөхөр гэж үгүй. Үүн шиг амьдралын шаардлагаар сөргөлдөх үе бишгүй. Тэр бүгдэд Энхбат ах буулт хийнэ. Барагтаа хэрүүл хийхгүй. Аль болох цааргалж, дөлж, өөрөөсөө займчуулна. Эмэгтэй хүн учраас гэнэтийн шийдвэр гаргах гэж үзнэ. Тэгэхэд нь “Ууртай байхдаа битгий шийд гаргаж бай. Ямар ч асуудалд. Орой унтахдаа битгий юм бод. Маргааш өглөө нь дахин бодож, тунгаах” талаар учирлана, залуугаасаа. Энхбат ахын энэ үг үйлдэл болж, эцэстээ амьдралын дадал болжээ. Он цаг улирахын хэрээр гэрт хэрүүл гарахаа больж, амар тайван хэдийнэ ноёлсон байна.

Байдал бишгүйдсэн үе болгоныг тайван замаар зөөллөж, түүнийгээ амьдралын хэвшил болгосон Энхбат ахын зөөлөн хүчний бодлого биеллээ олсон нь энэ. Хааяа найзуудын хамт ирж, ширээ тойрон суухдаа “Оюунаа муудалцаад бүтэхгүй. Гурав хоног хоолгүй болно” зэргээр шордож, цаашлуулна. Бусдаар Д.Энхбат тэргүүн эзэгтэй Д.Оюунцэцэгийн хамтаар 40 жил босгож, туулсан амьдралынх нь оршил, ноён оргил “Жомолунгма” нь уур бухимдлаар илэрхийлэгдэх бус ердөө л зөөлөн хүчний бодлого байжээ.

Хойно сургууль төгсөж ирсэн цаг үеэс хувь, хувьсгалын талаасаа цэвэр мэргэжлээрээ ажилласан хүн бол Энхбат, 2008 оныг хүртэл. Гэдэг нь тухайн үед Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон нэгэн. Нэгэнтээ “Форум” нэвтрүүлгийн дараа “Миний хүү улс төрд орох цаг нь болж дээ” хэмээн Энхбатын аав Дангаасүрэн хэлж байсан нь ч нөлөөлсөн байж мэднэ. Угаасаа “Форум”-ын Энхбат гэсэн автортой болтлоо танигдсан байсан үе нь. Хэрвээ “Форум” нэвтрүүлгийг хийгээгүй, хөтлөөгүй байсан бол Энхбат ах УИХ-ын гишүүн болох эсэх нь эргэлзээтэй байсныг ч үгүйсгэхгүй. Харсан, мэдсэн, сонссоноороо нүдэлж, нүдлэгдэж, сонголтоо хийдэг нь өөрөө нийгмийн тархинд уяатай явдаг өгөгдөл, хандлага. Дотор хүн, суурь хүмүүжил нь юу байдгийг өнөөг хүртэл бид тэр болгон гадарлаж, харж чадаагүй л явна. Гэхдээ улс төрд орохын тулд “Форум” нэвтрүүлгийг ашигласан бус цэвэр Энхбат гэж хүн бэ? гэдгийг нийтээрээ таньж, дэмжсэнийг энд тодотгох хэрэгтэй.

May be an image of 1 person, standing and suit

Гэр бүл болсноосоо хойш эзэмшсэн мэргэжлээ амьдралынхаа луужин болгож явсан хүн гэнэтийн шийдвэр гаргаж, улс төр рүү урвахад гэргий нь тэрүүхэндээ хамгийн ихээр гутарчээ. Шалтгаан нь тодорхой. Уншсан номынхоо тухай Оюунаа эгчид ярьж өгөхөөс эхлээд нийгмийн сэдвээр өөр хоорондоо ярилцдаг тэдэнд улс төр хэмээх тэс ондоо сэдэв ороод ирэхээр тийм мэдрэмж төрөх нь аргагүй.

Оюунаа эгчийн англи хэлний мэдлэг ч шаггүй. Яаж хөгжих үү? одоогийн төвшнөөсөө шат ахих уу? гэж үргэлж учирлаж, тайлбарладаг хоббитой хань нь нэг л өдөр улс төр рүү урвачихсан болохоор л хэсэгтээ эгдүүцэл төрсөн байх. Анхнаасаа тийм өгөгдөлтэй явсан хүн улс төр рүү орж, Саарал ордон руу буйр сэлгэсэн нь эхэндээ Оюунаа эгчид таалагдаагүй  нь энэ. Өмнө нь иргэний холбоо байгуулахад эхнэр хүний хувиар хэрэндээ дэмжсэн шүү дээ. Монголын хөгжлийн тухай олон хүн цуглаж, ярилцаад л. Гэтэл яг сонгууль болоход тэдгээрийн баг нь хууларч хоёр том намын төлөөний хүмүүс байсныг мэджээ. Юуных нь иргэний холбоо манатай.

УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр хууль тогтоох дээд байгууллагад гурван жил гаруй ажиллалаа. Гурван жил гэдэг нь нэр дэвшигч С.Эрдэнэтэй холбоотой асуудлыг шүүхээр эцэслэтэл тухайн тойргоос сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлээгүй байдаг.

“Амьдралд зөв зарчимтай л байж явах хэрэгтэй”. Энэ бол Оюунаа эгчийн үндсэн зарчим, амьдралаас олсон дадал. Хулгай хийгээд сурчихсан хүн тэр зарчмаараа явна. Худлаа яриад сурсан бол түүгээрээ дуусна. Уг суурь нь хүнлэг, шударга байвал бусад өнгийг уусгаад явна. Үүнтэй агаар нэг зөв л явах нь Д.Энхбат өрхийн тэргүүнтэй айлын гишүүн бүрийн амьдралаас олсон хамгийн том дадал, мөн чанар.

Үгүйсгэж болохгүй үүрэг

Нуруу өвдсөнөөр эм тан ууж, Солонгос руу эмчилгээнд явсан үе Оюунаа эгчид бий. Төдийлөн үр дүн гарсангүй. Эмчилгээ хийлгэхээс илүү дасгал, хөдөлгөөн чухал шүү гэж ойр тойрныхон нь зөвлөнө. Гэртээ байгаа хүнд дасгал хийнэ гэдэг худлаа. Ганц хоёр хийгээд залхуурна, бас залхана. Тиймээс хамгийн зөв зам нь ууланд алхах гэж үзэв. Оюунаа эгчийн сэтгэлд ч ууланд алхах нь илүү ойр, таатай санагдах болов. Нүүр ном руу шагайж, мэдээлэл хайж эхэллээ. Хамгийн гайгүй идэвхтэй клубыг судалж, тандав. Тэгтэл бүтэн сайн болгонд алхалт хийдэг, идэвхтэй клуб олсон нь “Хайрхан”. Энхбат ах ч энэ санаачилгыг нь дэмжиж, бүр явахыг шаардаж, үүрэг өгчээ. Ийм л үед нь эхнэрээ дэмжиж, дэмнэх нь эр хүний үүрэг байж болох ч Энхбат ахын хувьд түүнээс давуулан биелүүлсэн гэмээр. Тэр даруйдаа дэлгүүр рүү харайлгаж, бээлий, гутал, уулын таяг авч өгчээ. Ерөөсөө л инженер хүний сэтгэхүйгээр хандаж байгаа нь тэр. Эхнэрийнх нь нуруу өвддөг юм чинь тулах таяг хэрэгтэй, тулгууртай явах ёстой гэж үзэв.

May be an image of 1 person

Эхний өдрөө явлаа, нуруу өвддөгийг ч хэлэх үү? сунаж, мөлхөх нь холгүй гэртээ буцаж ирэв. “Би ёстой чадахгүй юм байна, болих минь Ээгий” гээд л хөглөжээ. Хариуд нь “Чи одоо л явахгүй бол болохгүй. Хэцүү ч байсан алгасахгүй, таслахгүй яв” хэмээгээд бараг хөөх нь холгүй сануулжээ. Хоёр, гурав дахиа явлаа. Болмоор санагдав. Сүүл рүүгээ түүндээ дурлаж ууланд алхалт хийх шинэ хобби нь Кавказын нуруу хүртэл хөтөлж, хүрээгээ тэлжээ.

“Би лав энд цөлөгдөхгүй ээ”

Тэд хамтын амьдралаа эхлүүлснээс 40 орчим жил өнгөрчээ. Үүнийх нь 20 жил Гачуурт дахь зуслангийн байшинтай салшгүй холбогдоно. АН-ынхан эрх барьж байх үедээ Гачууртад тодорхой хэмжээний газар өмчилж авсан нь 12 орчим айлын газар. Дээгүүрх нь бүгдээрээ эзэнтэй болсноор доогуурх цөөн тооны хэсэг нь үлдсэн байв. Энэ үедээ нийтийн дунд байх ганц хоёр хүн элэрхийлсний нэг нь Энхбат. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн нам бус хүн хэрэгтэй болжээ. Хувийн байшин, барилгатай болно гэж төсөөлж байгаагүй тэдэнд эхэндээ болгоомжлох шалтгаан байв. Оюунаа эгчийн ээж нь насан өөд болж, аав нь гал голомтоо сахиж үлдсэн болохоор “Жижигхэн ч гэсэн өөрсдийн хувийн байшинтай болоод ав” гэжээ. Энэ дагуу Энхбат ах эхнэрээ дагуулаад Гачууртыг зорьж, газраа үзүүлсэн гэдэг. Төвд нь хэдэн байшин байснаас нэлэнхүйдээ зэлүүд орчим. “Ёстой байхгүй, бүтэхгүй ээ, хоёулаа больё. Би лав энд цөлөгдөхгүй ээ!” гэх үгс Оюунаа эгчийн цээжнээс ундарлаа. Ямар ч байсан хэн хэнтэйгээ ойлголцсоноор газраа авч, эхлээд модон, дараа нь тоосго давхарлан сайжруулж явсаар өөрсдийн хэмжээнд тохитой амины орон сууцтай болжээ. Одоо бодоход арай томдуулчихсан байж магадгүй гэнэ.

Хүүхдүүд томорч, өрх тусгаарлахын цагт хоёр Энхбат, Оюунаа нарт тийм бодол төрөх нь ч аргагүй. Энэ хугацаанд аав, ээж хоёр нь хот руу, үр хүүхэд нь Гачуурт руу явахдаа цааргалдаг болжээ. Оюунаа эгч хашаандаа мод, цэцэг тарина. Хашааны хаалга онгорхой орхивол тэр хавийн айлын үхэр ороод ирнэ. Хөөж, туухаас эхлээд асуудал үүснэ. Заримдаа Энхбат ахыг дуудна. Хамтдаа “хэргийн эзэд”-ийг хөөж туухаас тэдний нэг өдөр өнгөрнө.

Үргэлжлэл бий.

С.Гандөл