Аниргүй жимийн ДУУН ХӨРВҮҮЛЭГЧ

Эмээгийн захиастай ирсэн хүүхэд

Дашдаваагийн Оюунцэцэг. Түүний энэ хүртэл туулж, бүтээж, босгож ирсэн амьдралын түүх энгийн атлаа эгэлгүй. Тэр бол гандангийн хүрдэн дээр тавигдсан өнчин ээжийн өргөмөл ганц охин. Үүнийгээ хэнээс ч нуудаггүй. Нууж ч байсангүй. Ардын хувьсгал ялж, Монгол Улсыг шинээр тунхагласан он жилүүдэд жирийн нэгэн малчин айлд амьдралын баяр баясал болж охин мэндэлсэн ч төрөхийн хүндрэлээр ээж нь тэнгэрт дэвшсэнээр уйтгар гуниг зэрэгцжээ.

Алгын чинээхэн, улаан нялзрай амьтныг тэврээд хоцорсон залуу хэрхэхээ мэдэхгүй ч Гандангийн хүрдэн дээр тавих бодол тэрүүхэндээ зурсхийв. Хүний эцэг болсон хойно ямар хүн ирж авахыг нь холоос ажин зогстол хэн ч ирсэнгүй. Хүрдэн дээр дуугаа цангинуулан хэн нэгнийг эрэх бяцхан зүрхийг аргагүйн эрхэнд нүдэндээ нулимс тээн ирж, энгэртээ тэврэн уучлал эрэн аргаджээ. Хорвоо гэж, хатуу үедээ дэндүү хатуу. Саяхан дэргэд нь уул мэт нөмөртэй явсан аав нь охиноо найман нас хүрэхэд ээжийнх нь араас одлоо. Яг л Японы “Ошин” кинонд гардаг шиг айл, айлд зарцлагдан хоол олж идэх хүнд хувь тавилантай өөрийг нь гэх хүнгүй үлдсэн наймхан настай охин.

Аз болж ардын сургуулийн босго давах шалтгаан олдсоноор бараан дурсамжаар дүүрэн амьдралынх нь замналд гэрэл нэмжээ. Түүний ээж буриад хүн. Одоогийн Сэлэнгэ аймаг орчмоор буриад зон олон болохоор орос хэл гадарлана. Арван жилээ төгсөөд Их сургуулийн анагаахын ангийн хуваарь авлаа. Сургуульд соёлд явуулахгүй гэх ар талын ашиг сонирхол үгүй. Бусдаас санал асуухгүйгээр бүхнийг өөрөө шийднэ. Хувь заяаны төөргөө л дагана. Харин аав нь мал хуйтай айлын эрх танхи залуу байж. Их сургуулиа эмч мэргэжлээр төгссөний дараа ээжтэй нь ханилан сууж, амьдралаа холбосон ч нэг л зовлон, болгоомжлол тэдний дунд байв. Амьдрал зохиосон хүн бүрийн хүсэн хүлээдэг хүүхэд тэдэнд заяасангүй. Нутгийн залуучууд нь ч хүүхэд гаргадаггүй эмэгтэйтэй насыг барахаар өөр хүнтэй суухыг үе үехэн сануулж, бас шална.

Үүнийг гадарласан аавынх нь ээж “Чи өнчин өрөөсөн, чамаас өөр хань болох хүнгүй эмэгтэйг авч суучихаад орхиж болохгүй. Би та хоёрт хүүхэд өргөж өгнө” гэжээ. Чингэхдээ хоёр охинтой айлаас Оюунаа эгчийг гуйсан байгаа юм. Хариуд нь “Хүү гарвал өгөхгүй ээ. Охин гарвал аваарай” гэсэн байна. Охидуудтай айл удам залгах хүү төрвөл өгөх ямар ч боломжгүй гэдгээ шууд илэрхийлсэн нь энэ байв. Одоогийнх шиг ЭХО байхгүй, хүүхэд төрөх өдөр хүйсийг мэдэх учраас тэгж хэлэхээс аргагүй. Хүүхэд ч төрлөө хүү биш охин мэндэллээ. Хос хоёрын энгэрт эрхэлж, элгийг нь дэвтээх үр нь тийн ирсэн нь Д.Оюунцэцэг. Тэр үед айлууд нэг нэгэндээ хүүхдээ өргүүлэх тохиолдол их байв. Охиноо өргүүлсэн ээж дараа нь хоёр ч удаа амаржиж, хангай шиг түшигтэй хоёр хүүтэй болсон гэдэг.

Хүсч ирсэн хүүхэд нь юм болохоор нүдний цөцгий мэт хайрлаж, алга дээрээ бөмбөрүүлж энхрийлнэ. Тэглээ гээд зөнгөөр нь өсгөхгүй. Хатуурхана, хааяа зэмлэж, загнана. Оюунаа эгч 10 жилийн сурагч байх үе нь харьцангуй дэг жаяг дор өнгөрсөн хэрэг. Ангийнхантайгаа аялал, зугаалгад явахгүй. Тогтсон цагт гэртээ харина. Тэгсэн хэрнээ хоол ундыг нь идүүлэхийн тулд улаан малгайт, баавгайтай чихрээр хуурдаг байсан хэзээний эрх танхил охин нь хэвээрээ.

May be an image of 3 people, including Oyuna Dashdavaa and people smiling

Вагонд учир хоёр

Оюунаа эгчийн бага ахуйд гэр нь Гандан хавиар амьдардаг байв. Аав, ээж нь ажилтай учраас эмээтэйгээ үлдэж, тоглож наадсаар өдрийг өнгөрөөнө. Шагай нясална. Эмээгээ зальдах гэж үзнэ. Хожих гээд улаарч байгаа нь тэр. Одоо өөрөө эмээ болчихоод ачтайгаа тоглоход булхайцсан ч хамаагүй хожих гэдэг бага насных нь дүр зураг нүдэнд нь харагддаг гэнэ лээ. Оюунаа эгч 40 мянгантын орос 23 дугаар сургуулийн бүтээгдэхүүн. Долоон настайд ээж нь хонон, өнжин дугаарлаж, сургуулийн захиралтай уулзаж ярьсны хүчинд оруулжээ. Багын өндөр нуруутай охин найман настнуудаас дутахгүй. 1967 оны намар гэсэн үг. Дунд сургуулийн сурагч боллоо. Үе үехэн хичээлээ тасална. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд очно. Зүүн талынх нь буланд олон салаа бүхий саглагар модыг “онилно”. Мөчир дээр нь гараад суухад цаанаа л гоё. Мөхөөлдөс аваад суучихана. Хичээл таслах шийдвэр сурагч Д.Оюунцэцэгээс гардаг болохоор санаачилна, бусдыгаа ятгана, тэгээд дагуулна. Эцэг, эхийн хурлаар энэ асуудлыг ярина. Хичээлийг нь таслуулсан охины аав нь “Танай хүүхэд чинь...” гэсээр ээжид нь хэлнэ.

Сурагч байхын физик, тооны хичээлдээ сайн. Хажуугаар нь орос хэлтэй. Шалтгалт өглөө, гайгүй оноо авав. Яам, Тамгын газраас сурлагын төвшин, шалгалтын оноо, удам судрыг нь харж байгаад мэргэжилтэн бэлддэг байсан үе. Улсын Төлөвлөгөөний комиссын нэрээр ЗХУ-д сурах хуваарь авлаа, Оюунаа эгч. Орос хэлний гүнзгийрүүлсэн сургууль төгссөн болохоор хойно очоод бусдаасаа ялгарна. Яалт ч үгүй хичээлээ хурдан ойлгож, багштайгаа ярилцана. Бас болоогүй 10 жилд байдаг шигээ санаж хичээлээ тасалж орхино. Мэдээж буруу шалтгаанаар биш. Ихэвчлэн номын санд сууна. Дэлхийн түүх, сонгодог уран зохиолуудыг олж аваад шимтэн уншина. Шалтгалтаа цалгардуулахгүй. Тийн хөглөсөөр нэгдүгээр курсынхаа өвлийн амралтаар Улаанбаатарт гэртээ иржээ.

1978 оны өвөл 18 насныхаа төрсөн өдрийг аав, ээжтэйгээ тэмдэглэчихээд буцаад сургууль руу вагоноор явж байв. Хоёрдугаар сарын 9-нд. “Бээжин-Москва” маршруттай олон улсын вагон, орос үйлчлэгчтэй. Тэгж явахад бүлтгэр нүдтэй цагаан залуу байж таарсан нь Д.Энхбат. Өглөө босоход ирчихсэн байж байна. Орой унтах хүртэл ойр орчмоор нь эргэлдэнэ. Амьхандаа дундын найзуудтайгаа явсан болохоор холбоо сүлбээрээгээ дамжуулж Энхбат ах Оюунаа эгчийн вагоноос салахгүй. Нэгэн рүүгээ сэмхэн хараад л. Гэвч хоорондоо үг сольж, чадахгүй явсаар Свердловск хүрчээ.

Галт тэрэгнээс буухынхаа өмнө Энхбат ах жижигхэн тэмдэглэлийн дэвтэр барьчихсан “Чи надад хаягаа өгөөч. Би танай сургуулийн Энхтайваны найз байгаа юм” гэжээ. Найз гэхээсээ хаягийг нь авч байгаа нь тэр. Анхнаасаа захиа бичих гэж байгааг нь мэдсэн Оюунаа эгч Воронеж хотод сургуульдаа очингуутаа хүлээгээд суучихсан гэдэг. Сар орчмын дараа анхны захиа ирлээ, Д.Энхбатаас гэсэн шошготой. Тэр үеэс олон ч захиа өөр хоорондоо бичжээ.

No description available.

Дараа нь Ялалтын баярын үеэр сургуулийнхаа урлагийн үзлэгт орчихоод дотуур байрандаа ирэхэд Энхтайван хүрээд ирчихсэн байв. Тэгснээ “Манай өрөөнд чамайг нэг нөхөр хүлээгээд байна. Хүнээ очиж ав” гэсэн байна. Яваад ортол Энхбат бүлтийчихсэн сууж байснаар тэр өдөртөө хоёулаа сунаж унатлаа гадуур зугаалжээ. Сургууль нь их чанга дэг журамтай байсан болохоор гурав хоног хамт зугаалаад “Хичээлээ тасалж болохгүй” гээд л буцна. Оюунаа эгч илүү очно. Д.Энхбат ахын хувьд хичээлээ таслахад дургүйлхэнэ, цаанаасаа л номын төрлийн. Нэг ёсондоо сэнтэгдүү гэмээр. Харин Оюунаа эгч өөр. Хичээлээ хийхийн хажуугаар шинэ содон зүйл бүрийн араас эрэлхийлнэ. Үндсэндээ Энхбат ахын сурдаг байсан Свердловск, Оюунаа эгчийн Воронеж хот хоёрын хооронд тэдний оюутан нас өнгөрчээ. Гэхдээ л оюутан нас гэдэг хүн бүрийн л хувьд ажилд гарч, амьдрал зохиогоогүй, хариуцлага нь бага, дур зоргоороо байдаг хамгийн сайхан үе.

Хайрцаг дүүрэн ном, модон шүүгээтэй өрх тусгаарласан нь

Оюутан ахуйгаасаа танилцаж, дотноссон тэд 1982 онд хуримаа хийлээ. Хурим болохоос өмнө Энхбат хуучнаар Тээврийн товчоонд Оюунаа эгчийн нүүж очжээ. Айлын ганц охин учраас аав, ээж хоёр нь тийм амар өрх тусгаарлуулсангүй. Гэр барьж өгөөд гаргахгүй. Байшин худалдаад авч өгөх боломж хомс. Энхбат ахынх олуулаа. Эр нөхрөө дагаад гэрт нь очвол багтах ч үгүй. Тиймээс Оюунаа эгчийн өссөн гэрт буюу хуучин Тээврийн товчоонд байрлалтай орон сууцны нэг өрөө тэдний гал голомтоо бадраах шалтгаан байв. Нэг өдөр Энхбат ах морин тэрэг хөлслөөд өөрийн өмч хөрөнгө болох хайрцаг дүүрэн ном, аавынхаа шүүгээ хоёрыг ачаад иржээ. Одоо ч тэрхүү номын шүүгээ нь Энхбат ахын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь.

Хожим хөдөлмөрийнхөө үр шимээр 13 дугаар хороололд анх удаа орон сууц худалдан авч өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болжээ. Нүүж орсныхоо дараа ганцхан буйдангаас бусдаар тавилга гэх юмгүй орон сууцанд хамаг юмаа тарааж хаячихаад нүүр дүүрэн инээж сууцгаасан гэдэг. Хүүхдийнхээ тогтоолыг гишгэх газаргүй болтол нь тэрүүгээр нэг тараасан гэж байгаа юм. Өөрийн юм гэдэг угаасаа өөр.

Энхбат ах Статистикийн төв газрын нэрээр инженер, программистаар сурсан болохоор тэндээ ажиллалаа. Оюунаа эгч Төлөвлөгөөний комисстоо. 1990 оны ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж эхлэх үеэр Энхбат мэргэжлийнхээ шугамаар Энэтхэг рүү 90 хоногийн сургалтад явжээ. Төв талбай дээр цугласан олон нийт төр, засгийнхаа үйл ажиллагааг хүчтэй шүүмжилж, хэн хүнгүй үзэл бодлоо илэрхийлж байсан үе. Тэнд өрнөж байгаа үйл явдал болгон Оюунаа эгчид сонирхолтой. Байнга тэр хавиар явж, уур амьсгалыг нь тандана. Хариад аав ээждээ учир байдлыг тайлагнаж, танилцуулна. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар байгуулагдлаа. Тэгсэн албаны хувцастай хүн орж ирээд “Дангаасүрэнгийн Энхбат гэдэг хүн энд амьдардаг уу?” гэсээр нэг өдөр лавлаад ороод ирж. Шууд л ямар нэгэн муу мэдээ дуулгахаар ирж байна уу? гэх сөрөг Оюунаа эгчийн бодол толгойд эргэлдэв. Харилцаа холбоо ч хомс үе. Энэтхэг рүү явсныг нь учирлаж, ярилцсанаар дотор онгойж байна. Хэзээ ирэхийг нь нэмж тодруулаад буцлаа. Энхбат ах ирлээ. Тэр даруйд нь холбогдож, Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч даргын албан томилжээ. Одоо бодох нь ээ? Хариуцлагатай албан тушаалд томилох хүнийхээ талаар мэдээлэл цуглуулж явсан нь тэр байх. Угтаа бол мэргэжлийнхээ шугамаар Энэтхэгт 90 хоногийн сургалтад сууж байгаа хүнийг Засгийн газар, холбогдох яам нь мэдэхгүй байх үндэсгүй.

Тэгж явтал Улсын Төлөвлөгөөний комиссын эрх үүргийг өөрчлөх шийдвэр гараад удаагүй байхад Энхбат ах мөн л орлогч сайдаар нь иржээ. Тэгэхдээ эхнэр Оюунааг ажлаасаа гарахыг “үүрэг”-дсэн нь ч ёсоор болж. “Би тэгээд хайчих юм” гэхэд нь өөр газар ажил олж өгөх тохироотойгоор. Гэхдээ Оюунаа эгч Эдийн засгийн хүрээлэнд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэсэг ажиллажээ.

Яаманд ажиллаж байхад нь албаны машин олгоно. Нэр нь “Волга”. Эмэгтэй жолоочтой. Эмэгтэй хүн болсон хойно жолооч эгчийг дагуулаад хүнсээ цуглуулах гэж үзнэ. Тэр бүрдээ Энхбат ахад загнуулна. “Чамайг дэлгүүр явуулах гэж энэ улс машин олгоогүй шүү. Оюунаа минь замбараатай байгаарай” гэнэ. Уг нь жолоочтой нь санал нийлэх нь олон. “Дарга явна гэнэ үү?” гээд л асууна. Яг гараад явсных нь дараа байгаа эсэхийг нь асууна. Сүүлдээ “Яадаг юм, чиний л идэх хоолыг авч байгаа биз дээ?” гэсээр өөрийгөө өмөөрнө. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй, Оюунаа эгч ч улсын машинаар хүнсэндээ явахаа больжээ.

Баярын нулимс

Энхбат ах Монголд интернэт оруулж ирэхээсээ өмнө олон талын уулзлалт хийдэг нэгэн байв. Орой нь гэртээ ирээд жижигхэн гал тогоондоо тойрч суугаад ярьж өгнө. Захиа бичээд товчлуур дарахад л Оюунаа өөр газар байсан ч уншина зэргээр тайлбарлана. Аав, ээж нь хоёр гайхширсан байдлаар хүлээж авна. 1997 онд үүсгэн байгуулсан “Датаком” компани Монгол Улсад албан ёсоор интернэт оруулж ирлээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд М.Энхсайхан, Орос, АНУ-ын Элчин сайдууд очив. Нөхрийгөө гараад үг хэлж зогсоход хамгийн хойно суусан Оюунаа эгч тэр даруйдаа асгартал уйлжээ. Тэр олон шөнө нойргүй ажиллаж байж улсынхаа түүхэнд чухал зүйлийг бүтээж байгаа хөдөлмөр, тэвчээрийг нь санаад өөрийнх эрхгүй нулимс гарсан хэрэг. Эхлэхээс нь үр дүн гарах хүртэл яаж зорьж, тэмүүлж, зүтгэж явсныг нь хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүн нь шүү дээ.

АНУ-аас масло оруулж ирж зарсан орлогыг Худалдаа хөгжлийн банканд төвлөрүүлж, эдийн засагт нэмэр болох зээл олгодог байж. Энхбат ах ч чамгүй хөөцөлдсөний эцэст ажил бүтэхээр болсон гэдэг. Зээлээ ч авлаа, хүссэн зорилгоо ч биелүүлжээ. Тухайн үед АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Жонстон Энхбат ахад хамгийн их тусалж, дэмжсэн хүний нэг нь аж. Яамдын сайд нарыг урьж, уулзаж, интернэтийн ач холбогдлын талаар тайлбарладаг нэгэн байжээ. Монголоос явахдаа Энхбат ахад баярласнаа илэрхийлээд буцсан гэдэг. Дараа нь Засгийн газрын шугамаар Энхбат ах Их тэнгэрт лекц уншжээ. Нэр нь “Монгол Улс далайд гарцгүй ч дэлхийд гарцтай”. Хожим энэ нэр томъёо олон улстөрчийн амаар дамжиж, амьдарсаар байгаа нь нууц биш.

Гадагшаа ажил хэрэг, амин хувийн шугамаар явах нь нээлттэй болсон нь зах зээлийн нийгмийн нэг ололт. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн зардлаар явна. Томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд гадагшаа явж сургалтад хамрагдана. Энхбат ах ч энэ замаар явсан. Түүнийх нь буянаар гэх үү? эсвэл хувь заяаны тохиол уу? Оюунаа эгч хэт хол сонсогддог байсан Канад, Америк, Хавайг эрт зорьж, газар үзжээ. Улсын мөнгөөр биш хувийн зардлаар учраас хаана ч нүүр бардам хэлэх дурсамжийн нэг нь энэ. Анх удаа Хавай явахаар болов. 21 хоногийн сургалт учраас Энхбат ахад амрах сөхөө үгүй. Харин Оюунаа эгч 18 хоногийг нь далайн эрэг дээр хэвтэж өнгөрүүлэв. Солонгос эмэгтэйтэй ч найз болоод амжив.

Нутаг буцахаас хоёр гурван хоногийн өмнө... Ардаа үлдсэн үр хүүхдэдээ бэлэг сэлт авах ёстой байтал байдаггүй. Аргагүйн эрхэнд Энхбат ахыг дагуулаад дэлгүүрээр явтал “Чи 18 хоног юугаа хийж байсан юм” хэмээн эгдүүцжээ. Өөрөө ч дэлгүүр орох дургүй нэгэн. Гэхдээ эхнэрийнхээ үгээр дэлгүүр хэсч хүүхдүүддээ юм хум авахаас татгалзаж, дургүйлхэх эрх үндсэндээ Энхбат ахад байсангүй.

Үргэлжлэл бий.

С.Гандөл