С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сонгон шалгаруулалтад оролцох 50 гаруй хүсэлт ирүүлжээ
Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, хуулийн хэрэгжилтийг хянах шалгах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт уулзалтын эхэнд танилцуулав. Үндсэн хуульд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар тодорхой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэлээ. Улсын Их Хурлаас томилох нийт 10 орон тоон нээлттэй сонгон шалгаруулалтад 50 гаруй хүний материал хүлээн аваад байгаа аж. Тус үйл ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн аваагүй тул дээд суудлын хуралдаан болох ёстой бөгөөд эл хуралдааныг хүлээж байгаа гэв. Түүнчлэн Үндсэн хууль дахь “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн заалтын дагуу, шүүх байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн ирэх оны төсвийг Улсын Их Хурал хянаж, түүнийг нь Засгийн газар, Сангийн яам нэгтгэдэг байх зохицуулалтын дагуу гүйцэтгээд байгаа талаар мэдээлэл өгч, дэлгэрэнгүй танилцуулга хийсэн.
шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй…” гэж заасны дагуу өнөөдрийн уулзалт албан ёсны тэмдэглэлтэй явагдаж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж хэлсэн. Хуульд туссан, шүүгчийг нөлөөллөөс хамгаалах агуулга бүхий олон улсын энэхүү сайн жишгийг бүх шатандаа хэвшүүлэн ажиллахыг энэ үеэр сануулж байлаа.
Монгол Улсын хэмжээнд анхан шатны болон давж заалдах шатны 116 шүүхэд 500 шүүгч ажиллаж байгаа ба үүнд 41 шүүхийн Тамгын газар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд мэдээлэл судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжилттэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээллийг өглөө. Хуульд Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгохоор хуульд заасны дагуу энэ оны гуравдугаар сарын 01-15-ны өдрийн хооронд нийт шүүхийн Ерөнхий шүүгчээ сонгосон байна. Мөн шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг батлахаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлээд байгаа гэв. Өөрөөр хэлбэл, эл шалгуур үзүүлэлтийг баталсны дараа Засгийн газарт холбогдох саналаа хүргүүлж, Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг болох тойргийн болон дагнасан шүүх байгуулах юм байна. Шүүхийн захиргааны чиглэлээр үйлчилж байгаа дүрэм, стандарт, аргачлалыг дээрх хуульд нийцүүлэн боловсруулах ажлыг хуваарь гарган гүйцэтгээд байгаа юм байна. Нийт 50 гаруй баримт бичиг батлахаас зургааг нь баталж, үлдсэн дүрэм, журам, стандарт, аргачлалыг боловсруулсан байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл томилогдсоны дараа хэлэлцэж, батлахад бэлэн болоод байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Ирэх оны төсвийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хянуулсны дагуу хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүлээд байгаа гэв. Ирэх оны төсвийн төсөлд УИХ-ын холбогдох тогтоолын дагуу шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудын, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг нэмэгдүүлэхээр, шүүгчийн цалингийн нэмэгдлийн тооцоог тусгасан байна.
Хуулийн 20 дугаар зүйлд нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах талаар заасан бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнөөдрийг хүртэл 8 удаар хуралдаад, 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар ажиллаж байгаа гэв.
Үргэлжлүүлэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсээд байгаа бэрхшээлүүдийн талаар Э.Батбаяр дарга танилцууллаа. Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сахилгын хороо байгуулагдаагүйн улмаас энэ төрлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэв. Мөн шүүгч нарыг шилжүүлэн томилох бололцоог хуулиар хязгаарласан учраас боловсон хүчний нөөц хуваарилалтад бэрхшээл үүсээд байгаа талаар мэдээлэл өгсөн. Хуульд "сэлгэн ажиллуулах” гэсэн шинэ арга хэлбэрийг тодорхойлсон, холбогдох судалгаа, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа, гэхдээ шүүгчийг шилжүүлэн томилох боломжийг хуульд нээж өгөх асуудлыг тэрбээр хөндлөө.