У.Хүрэлсүх: Эрхшээн түрэмгийлэх бус энэрэн хайрлах уламжлалыг санаж явах нь зүйтэй

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал хайллаа.

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

“Хүн, байгаль хоёр харших болсон энэ цаг үед өвөг дээдэс маань эх дэлхийгээ эрхшээн түрэмгийлэх бус энэрэн хайрлаж ирсэн уламжлалыг бид алхам тутамдаа санаж явах нь зүйтэй. Учир нь энэ уламжлал өдгөө хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа байгалийн хүчин зүйлийг даван туулах, сав, шим ертөнцийн тэнцвэрт байдлын алдагдлыг шийдвэрлэх нэгэн зүйл арга болж иржээ” гэлээ.

Мөн байгаль эхдээ хүндэтгэлтэй хандан зүй ёсоор харьцдаг бидний өвөг дээдсийн энэ үнэт зүйлийг өнөө цагийн даяаршлын давалгаанд устаж алга болохоос нь сэргийлэн “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг онцлов.

Түүнчлэн Отгонтэнгэр хайрхан уулын цадиг түүх бол монголчуудын байгаль хамгааллын түүх, төрийн бодлого, хууль цааз хийгээд төрт ёсны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын бүхэл бүтэн цогцолбор жишээ мөн болохыг тодотголоо.

Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаал хайлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Үүний дараа Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун хан Д.Чойжамц, Жалханз хутагт Ч.Данзэнчойжийванчүг, Наро банчэн гэгээнтэн Б.Цэдэн-Иш тэргүүтэй лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол номуудыг уншиж мандал өргөв.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүүд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Отгон сумын харьяат, Аймгийн аварга малчин, Аймгийн алдарт уяач, Алтан унаганы эзэн Б.Дугаазааны адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Ийнхүү Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх долоо дахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөсөн юм.

Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 110 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд тус тус тахисан билээ.

Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байгаа бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм.

Отгонтэнгэр хайрхан уулын 2021 оны төрийн тахилгын ёслолыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа.

Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохон, дархан газрын бүсэд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуурууд бий.