С.Энхболд: Бага насныханд зориулсан хамгийн сайн вакциныг хурдан хугацаанд авна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд бага насны хүүхдүүдэд зориулсан вакцины судалгааг ажиглаж, хамгийн сайныг, хурдан худалдан авахаар ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Тэрбээр "Өмнө нь бид вакцинжуулаагүй үед болгоомжтой хандаж эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг зогсоосон бол өнөөдөр 12-17 насны 254,851 хүүхэд буюу зорилтот бүлгийн хүүхдүүдийнхээ 88 хувийг вакцинжуулаад байна. Эдгээр насны хүүхдийн өвчлөл дунджаар 2 -3 дахин буурсан. Эрсдэлийг төдий чинээгээр багасгаж байна гэсэн үг.

Бага насны хүүхдүүдэд зориулсан вакцины судалгаануудыг ажиглаж хамгийн сайныг, хурдан худалдан авахаар ажиллаж байна. Вакцинжуулалтад хамрагдах боломж бүрдээгүй насныханд өвдөх эрсдэл бий. Гэвч хүүхдийн өвчлөл хөнгөн.

Өнөөдрийн байдлаар 41,718 хүүхэд өвдсөн ч 41 хүүхэд эрчимт эмчилгээнд орсон. Эдгээр хүүхдүүд нь дархлаа сул, хөгжлийн бэрхшээлтэй, бусад хүнд хэлбэрийн архаг суурь өвчтэй хүүхдүүд байсан. Эрүүл мэндийн талаас нь 100 хувь харж боловсролын үйл ажиллагааг зогсоох санал гаргаж болох хэдий ч эргээд 5 жилийн дараа гарах боловсролын доголдол бидэнд илүү их эрсдэлийг бий болгох боломжтой.

Боломж байхад бид хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхэд халдаж, хоцрогдол үүсгэж, улс эх орныхоо хөгжилд тушаа болох шаардлага юу билээ? Олон олон судалгаанд үндэслэн салбаруудын мэргэжилтүүд, эрдэмтэд, судлаачид хамтран төлөвлөлт хийж, шийдвэр гаргаж байгаа билээ" гэв.