Домгийн зохиолч

Цуурай хөрвөөгөөд дуу болж босдог,

Цурхайг сэтэрлэхэд хойд төрөлдөө удган болдог

Эгэлгүйн хязгаар!

Харваас л андашгүй, ид шидтэй нь мэдрэгдэх

Хачин сүрлэг, шөнөөр ч нартайгаа, зүүдний оргил!

Хүний нүдэнд үзэгдэх биеэсээ юүлэгдсэн сүнсүүд

Хөхөмдөг униар мэт угалзрах,

ховсч горхи мэт гилтэлзэх,

Хөхдэй мэргэн од үе үе гялсхийсээр өдөржин өнжих

домгийн энэ хязгаарт

Хүйтэн, халуун, гэрэл, харанхуйн баримжаа үгүй… Г.А

Г.Аюурзанын романууд Монголын хүүрнэл зохиолын төрөл зүйлийн хөгжлийг алхам урагшлуулан шинэчлэл хийсэн гэж би боддог. Түүний анхны хүүрнэл зохиолын түүвэр “Дурлалгүй ертөнцийн блюз” нь л гэхэд бидэнд мета роман гэж юу байдгийг анхлан мэдрүүлсэн шүү дээ. Түүний “Бөөгийн домог”-оос эхлүүлж “Судасны чимээ”-гээр төгсгөж буй дөрвөн романд Монгол үндэстний орон зайн тухай нэгэн мөчлөг (цикл)-ийг харуулсан байдаг. Энэ дөрвөн роман нэг уур амьсгалаар бичигдсэн, анхнаас нь тэгж төлөвлөсөн ажил болно. Романуудынх нь энэ хэмнэлийг “давталт” гээд хэлчихсэндээ сэтгэл жаахан тийм л байна. За энэ ч яахав. Сүүлд гаргасан “Тэнгэрийн судар” баримтат зохиол нь супер. Энэ зохиол монголын уран зохиол судлалд нэгэн шинэ чиглэлийг бий болгож буй гэдэгт итгэлтэй байна. Харин “Сахиуст хангайн нууц” нь шинэ мөчлөгийнх нь эхлэл болж буй.

Түүний романуудыг хамгийн бүдүүвчилсэн байдлаар үечилбэл:

I- “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” зэрэг туршилтын романууд буюу дотоод ертөнцөө илэрхийлэх үе

II- “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан, хар, улаан” зэрэг үндэсний сэтгэлгээ бүхий үзэл санаа дэвшүүлсэн үе

III- “Сахиуст хангайн нууц”- аараа шинэ мөчлөгөө эхлүүлж байна

Түүний мөчлөг романуудад өгүүлэмжийн гурван шинж бий.

Нэгдүгээрт, монголын ард түмний ахуй амьдрал, хүн зоны аж байдал, хайр дурлалыг дүрсэлсэн суурь өгүүлэмж

Хоёрдугаарт, үлгэр домгийн дүр буюу шидлэг байдал

Гуравдугаарт, Монголын түүхийн ямар нэгэн зурвас үе, эрт эдүгээ, домгийн цагийн өгүүлэмж. Эл гурван гол өгүүлэмжээс түүний зохиолуудын ерөнхий бүтэц бүрэлджээ.

Бэлгэдэх, үлгэр домгийн үйл явдлыг зохиолдоо шингээх, төлөөлүүлэх, егөөдөх аргыг ашиглан түүхэн үйл явдлын талаар өгүүлж тэрхүү үйл явдал нь орчин цагийн Монгол орны үнэн төрхийг илчилдэг нь Г.Аюурзанын туурвил зүйн гол онцлог гэж хэлж болно.

Бядан явагчид

Зохиолч, хэн нэгнийг хайх эрэл хайгуулаар зохиолоо өрнүүлээд, тэр эрэл хайгуулынхаа дунд танин мэдэхүй, түүхийн өгөгдлүүдийг шигтгэдэг. Эдгээр зохиолын гол баатрын эрэлд гарах шалтгаан нь бүгд ижил бүтэлгүй дурлал, бүсгүй хүн. “Бөөгийн домог” зохиолын гол дүр Тэнгис бүтэлгүй дурлалын гашуун дурсамжаасаа зугтан ямар нэгэн далдын зүйл хайж хэдэн бөө даган Байгаль нуурийн Туулайт аралд очин улмаар Хагдай бөөтэй уулзаж Бурхан хадны тухай сонсоод уг хаалгыг олж үзэхээр Туулайт аралд үлдээд Хагдай бөөгийн түшээ хийхээр шийдэж буйгаар зохиол цааш өрнөн Монголын уламжлалт шашин бөө мөргөлийн тухай өгүүлдэг. “Хар цагаан улаан” роман ч мөн адил гол дүр Рэнцэнраа нэгэн хөнгөмсөг охинтой орооцолдон, улмаар эхнэрээсээ салах болоод хүүдээ зориулж гурван уул зурахаар Ховд аймгийн Булган суманд очиж Намаржаан туульчтай уулзсанаар зохиол цааш өрнөн Монголын уламжлалт туулийн талаар өгүүлсэн байдаг билээ. “Судасны чимээ” романд ч өмнөх зохиолуудад туссан ямар нэгэн зүйл хэн нэгнийг хайх урт удаан хугацааны эрэл бий. Зохиол Бурхан, тамга мөшгигч Мэндээ, хайр дурлалынхаа шаналлаас хагацаж түвдээгүй Насаа, монгол эм эмнэлгийн уламжлалыг хадгалсан Алтан Уул бариачийн дүрээр дамжин монголын уламжлалт бариа заслын тухай өгүүлнэ. Харин Монголын эзэнт гүрний түүх, тэдний үлдээсэн биет болон биет бус соёлын элементүүд, төрийн түүх, баримт материал, судалгаа гээд дан ганц эрэл ч бус, танин мэдэхүй, түүхийн чухал баримтуудыг багтааснаараа эл романууд онцлог. Иймэрхүү бядан явагчийн шабломдах маягын зохиомж нь романуудыг нэг уур амьсгалтай болгож буй бөгөөд нэг талаасаа уйтгартай ч нөгөө талаасаа зохиолч өөрийн дүрслэлийн өвөрмөц арга, баримт уран сайхныг хослуулсан өгүүлэмж, эртний домог зүйн баялаг өвд дулдуйдсан хүүрнэл зохиолын шинэлэг хэлбэрийг бий болгож байна. Нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй онцлогийг, сэтгэл зүй, гүн ухаан, үзэл санааны өвөрмөц ертөнцийг нээн харуулснаараа тэрбээр Монголын уран зохиолд нэгэн шинэ зам татаж байна.

Шидэт түүхүүд

Аливаа үндэстний уран зохиолын “эхлэл цэг” нь өвгөд дээдсийн үлдээсэн үлгэр домог, аман хууч яриа, туульсын зохиолуудтай холбоотой. Ерөөс “үгийн урлагийн эх нь эртний домог зүйгээс эхтэй”[1] билээ. Г.Аюурзанын ч туурвилуудын эх нь домог билээ. Ганц жишээ дурдахад, “Бөөгийн домог” романы тэргүүн бүлэгт гардаг, монголчууд сартай шөнө хүүхдийг усанд явуулдаггүй тухай домгийг М.Д.Данчинова “Энэ домогт уран сайхны боловсруулалт хийснээр романы нийт зохиомжийн өсөлтийг дотроо бэлгэдэж агуулсан өвөрмөц сэдэл үүтгэсэн байна” гэхчлэн үзсэн байдаг. Дээр өгүүлсэнчлэн Г.Аюурзана үлгэр домгийн үйл явдлыг зохиолдоо шингээх, төлөөлүүлэх, егөөдөх аргыг ашиглан зохиолоо бүтээдэгээс үүдэн түүнийг домгийн зохиолч гэж болно. Энэхүү домог зүй, түүх, орчин үе гэсэн гурван цагийн хэмжээст зохиолын үйл явдлыг өрнүүлж бичих арга барилыг судлагч У.Бямбаням Hallucinatory realism-д хамаатуулах санал дэвшүүлсэн байна.

Өнгөрсөн зууны өрнийн урлаг судлаачдын үгийн санд эргэлдэж байсан эл үгийг анх уран зохиолд оруулж ирсэн хүн нь Германы урлаг судлаач Климент Хэзилхаус. ХIX зууны Германы Аннет фон Дрост Хюльсхоф /зөвхөн товчилсон нэр нь/ хэмээх асар урт нэртэй хатагтайн шүлгийг тайлбарлахдаа энэ үгийг ашиглажээ. Ерөнхий болоод энгийнээр тайлбарлавал, эртний үлгэр туульс, түүх, орчин үеийн хүний амьдрал гэх мэт цаг хугацааны гурван орчлыг нэг цэгт зэрэгцүүлэн бичихийг хэлнэ. Энд бид 2012 оны Нобелийн утга зохиолын шагналыг Хятадын зохиолч Mo Yan / 1955/ -д олгоход “эртний домог түүхийг орчин үетэй холбосон” / …merges folk tales, history and the contemporary/ хэмээн онцолсныг санамсаргүй дурдаагүй гэдгийг анзаарах ёстой. У.Бямбаням “Г.Аюурзанын романуудыг галлюцинатор реализм (Hallucinatory realism) буюу оюун санааны хийсвэр ертөнцийг зүүд, зөн совин, үлгэр домог, түүхээр дэвсгэрлэн өгүүлэх аргад хамаатуулан үзэх өчүүхэн “далд” санаа агуулж байна. 1970-аад онд урлагийн хүрээнд анх гарсан эл томъёолол 2012 онд Нобелийн индэр дахин сонсогдсон нь Хятадын зохиолч Мо Яаныг “Зохиол бүтээлдээ хийсвэр реализм буюу үлгэр тууль, түүх, орчин үеийн хүний амьдралыг чадварлагаар сүлж туурвисанд” гэж тодорхойлоход багтсан байв. Г.Аюурзанын романуудын бичвэр сүлэлдээнд эртний түүх, түүхэн үйл явдлуудыг орчин үеийн хүний амьдралаар холбон өгүүлдэг нь ийн “гүтгэхэд” шууд нөлөөлснийг нуух шалтгаангүй. Гэвч ямар нэг “изм” зохиолын онцлог амьсгал, үнэт чанар, эсвэл алдаа оноог дэнслэхэд хамаардаггүй бөгөөд уншигчдад чиг баримжаа болох төдийг нэмж хэлэх нь зүй билээ” гэжээ.

Харин Монголч эрдэмтэн Мариа Петрова “Монгол судлалын холбооны Азийн II хурал-2018”-д тавьсан илтгэлдээ Г.Аюурзанын романуудыг шидэт реализмд хамаатуулсан байна. Тэрбээр “Орчин үеийн Монголын нэрт зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Сахиуст хангайн нууц” романууд нь шидэт реализмын бичлэгийн хэв маягтай. Зохиолч “Сахиуст хангайн нууц” романдаа хүний мөн чанар, ертөнцийг үзэх үзлийг тухайн нийгэм цаг үеийн байдалтай холбож зохиомжилжээ. Баянхонгор аймгийн нэгэн зууны өмнөх түүхийг Пүрэв гүн хэмээх хошуу ноёнтны амьдралаар төлөөлүүлэн бичжээ. Зохиолч тухайн үеийн нийгмийг ид шидийн гэмээр дүрсэлсэн нь Г.Г.Маркесийн алдарт “Зуун жилийн ганцаардал” романтай төстэй болжээ” хэмээн дүгнэсэн байна.

Зохиолыг Пүрэв гүний ураг удмын намтар цадигаас сэдэвлэн, аман яриа, домог хуучинд тулгуурлан бичсэн нь Хосе Аркадио Буэндигийн ураг удмын 100 жилийн түүхтэй адил санагдсанаас судлаач Мариа Петрова ийн үзсэн биз ээ. Пүрэв гүний золгүй хайр сэтгэлийн тухай өгүүлсэн эл түүхэн романы гол өгүүлэмж нь уул усны эзэн лус савдаг, онгод сахиусын тухай юм. Тийм ч учраас Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал” мэт нэг тийм үлгэр домог үнэн бодит амьдралтай сүлэлдэж, жир явдал ид шид хоёр нэгдэн нийлсэн сонирхолтой роман болсон юм. Үйл явдал, зохиолын зохиомжтой зэрэгцэн зохиогчийн оюун санааны гүнзгийрэл, үзэл бодлоо илэрхийлэх хэлний чадамж нь чөлөөтэй хүүрнэлээр урсаж, натуралист болоод сэтгэл зүйн, эсвэл романтик зохиолын бүхий л хэв шинжийг хольж сүлээд, орон зай ба цаг хугацааны эргүүлэг дотор биднийг аваачиж домог хийгээд түүхэн үнэний завсар биднийг алмайруулж орхив. Г.Аюурзана өвөрмөц содон өнгийг хүүрнэл зохиолд авчирсан, түүгээрээ ч манай утга зохиолыг өнгөлж яваа, дэлхийн үгийн урлагийн шилдгүүдтэй нэгэн эгнээнд аваачсан романуудыг ч бичсэн. Харин “Сахиуст хангайн нууц” тэдгээрийн дунд хамгаас тод гялалзсан, хамгаас гойд нь болжээ.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭША

Б.Мөнх-Эрдэнэ