НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Японы ард түмэнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулжээ
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтад Элчин сайд Кобаяши болон Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Насанбилэг, гүйцэтгэх захирал А.Амарбаяр болон удирдах зөвлөлийн гишүүд оролцсон бөгөөд “ТОКИО 2020” зуны олимпын наадам, ирэх онд болох Монгол - Японы дипломат харилцаа огтсоны 50 жилийн ойтой холбогдох үйл ажиллагаануудын талаар санал солилцлоо.
Монгол Улсаас “ТОКИО 2020” зуны олимпын наадамд 10 төрөлд 43 баг, тамирчид, Паралимпийн наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцсон бөгөөд Олимпын наадмаас 1 мөнгө, 3 хүрэл, Паралимпын наадмаас 1 алтан медаль хүртсэн амжилттай оролцсон билээ. Зөвхөн Олимпын наадмын үеэр төдийгүй, Олимпоос өмнөх жилүүдэд ч хамтарсан бэлтгэл, “Host town” гэх зэргээр Япон Улсын Засгийн газар болон холбогдох холбоод Монголын тамирчдыг дэмжиж ирсэн бөгөөд энэ бүх үйл ажиллагаанд нь нийт Японд төгсөгчид болон монголчуудаа төлөөлөн талархал илэрхийллээ.
Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын энэ хүнд цаг үед их хэмжээний эдийн засгийн алдагдлыг үл хайхран спортын их баяр наадмыг зохион байгуулж, хүн төрөлхтөнд урам зориг, итгэл найдвар бэлэглэсэн Японы ард түмэн, Засгийн газарт нийт Монголчуудаа төлөөлөн талархал илэрхийлж, Монгол дахь Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн зүгээс дурсгалын зүйл гардууллаа.
Монгол Улс Япон Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 50 жилийн ой ирэх 2022 онд болох тул хоёр орны харилцааг дэмжсэн, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулах талаар мөн харилцан санал солилцлоо.
Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Бүх гишүүдийн хурал 2021 он 9-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд Японд сурч, төгссөн хэн бүхэнд нээлттэй юм байна.