С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид
УИХ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран гурав дахь удаагийн “Баялаг бүтээгч – өглөөний уулзалт”-ыг “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцов.
Цар тахлын үед төр-хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллаж хүнд цаг үеийг хамтдаа даван туулах гарцыг олох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдэж, хууль, эрх зүйн орчныг таатай болгоход санаа бодлыг нь сонсох, бодлогоор дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байгаа юм. Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Баялаг бүтээгчдээ дэмжих ажилд хамтран оролцож, шүүмжлэгч няцаагч биш, нэг зүгт харж, нэг бодлогоор бизнесийн орчноо хөгжүүлэх цаг болсон. Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцоллоо.Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, КОВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар Улсын Их Хурал дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Халамжаас бүтээмж рүү шилжих, ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй. Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгосон Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгадаг тогтолцоо манай улсад илүү тохиромжтой нь харагдаж байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна.
УИХ-ын даргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь энэ Ажлын хэсгийн зорилт байх болно.
Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх хэрэгтэй. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг бид зорьж байгаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бүх хуулийн төслийг lawmaker.paliament.mn lawforum.paliament.mn цахим хуудсанд байршуулсан учраас хэдий ч өөрсдийн саналаа хуулийн төсөлд тусгах боломж нээлттэй бий.
Түүнчлэн Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай, Зөвшөөрлийн тухай, Худалдааны тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байна. Зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгаа гэдгийг Г.Занданшатар дарга хэллээ.