Т.Аубакир: 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэсэн ч эрх зүйн орчин бүрдээгүй
Т.Аубакир: 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэсэн ч эрх зүйн орчин бүрдээгүй
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны xуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд цалин орлоготой байх үедээ сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 135 мянга орчим иргэн 4-5 томоохон аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн санд 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа хэдий ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгааг сайд хэлсэн юм.
Хуулийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн 11 бүлэг, 49 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах боломжийг өөрөө сонгох, түүнийхээ хугацаа, хэмжээг өөрөө тогтоох, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг урьдчилан даатгах, нас барсан тохиолдолд өвлүүлэх харилцааг зохицуулна. Тэтгэврийн сангуудын хөрөнгө өссөнөөр урт хугацаатай, дотоодын хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээл хөгжихийн зэрэгцээ, ажил олгогчид чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой болж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжинэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулгадаа дурдав.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь одоогийн тэтгэвэр авч байгаа иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, одоо мөрдөгдөж байгаа ажилтан, ажил олгогч нар тус бүр 8.5 хувь буюу нийт 17.0 хувийн Нийгмийн даатгалын шимтгэлээс тусдаа, нэмэлт, сайн дурын хуримтлал болохыг тайлбарлаж, энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тэрбээр тэтгэврийн тогтолцоог улсын төсвөөс санхүүжүүлж, жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж байх суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэлд суурилсан уламжлалт тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр давхаргуудаар хөгжүүлэх зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Үндэсний баялгийн сангаас иргэн бүрийн нэрийн дансанд төвлөрүүлж буй хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцаас гадна тэтгэврийн эх үүсвэрт ашиглах боломжтой гэсэн юм.