13-тай нэхмэлчин охин

13 настай О.Ангирмаа охин хичээлдээ шамдан суралцахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж өрхийн үйлдвэр эрхэлж байна. Увс аймгийн Улаангом сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын I цогцолбор сургуулийн  долдугаар ангид сурдаг. Математик, англи, орос хэлнийхээ хичээлд сонирхолтой тэрбээр ирээдүйд  хуульч мэргэжилтэй болох зорилготой. Багадаа нэхмэл хувцас хараад хос, дэгээ зүүгээр нэхэж сурахсан гэж боддог байсан нь өдгөө биеллээ олж, өнгө алагласан утсаар өөртөө төдийгүй өрөөл бусдад малгай, кист, бээлий зэргийг захиалгаар хийж өгч байна. “Би утас, зүүгээ бага багаар зэхсэн. Өнгөрсөн долдугаар сараас хоё зүүний бүтээлүүд нэхсэн. Хийх сэдэл нь фэйсбүүкэд маш олон хүн нэхсэн бүтээлээ тавьдаг. Түүнийг хараад өөрийнхөө хувцас, цүнх, гутал зэрэг бүгдийг нь нэхмэл болгоё гэж бодсон” гэв. 

Өхөөрдөм охин өрхийн үйлдэрлэл эрхлэхдээ цагаан сараар цуглуулсан бэлэгний мөнгө болох 100 мянган төгрөгөөр нэхмэлийн урлалд ашиглахдаа материалаа авч, өөр хэрэглэгдэх зүйлсээ аав, ээжээрээ авхуулжээ. Охины анхны бүтээл майк. Түүний дараа малгай нэхэхэд маш олон хүнд таалагдаж, амжилт хүссэн урмын үгсийг сонсч, илүү ихийг бүтээх  хүсэлд хөглөгджээ. 

Нэхмэлийн урлал бол гар ажиллагаагаар бүтдэг учраас цаг хугацаа шаардана. Ямар загвартай бүтээл нэхэхээс шалтгаалж, зарцуулах хугацаа харилцан адилгүй байдаг гэнэ.  Хүүхдийн цамцыг өдөр гурван цаг хурдтай нэхэж 14 хоногт бэлэн болдог гэдгийг тэрбээр хэлж байв. “Одоогоор  барет болон хүүхдийн өвлийн малгай, бээлий, кист гээд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн урлаж байна. Утсаа хотоос захиалж, автобусанд тавиулдаг. Хүргэлтийн мөнгө, энд ирэхэд нь автобусанд ачааны хөлс өгнө. Тэр бүгдийг тооцоолж, өөрийнхөө ажлын хөлсөнд 5000 төгрөг нэмээд бүтээгдэхүүнийхээ үнэлгээг тогтоодог.  Материал маш ховор байхаас гадна өнгө сонголт цөөхөн. Таалагдсан өнгөнүүд нь хэт үнэтэй байдаг нь бэрхшээлтэй” гэсэн юм. 

No description available.Утсыг хувцас болгоно гэдэг урлах гайхамшиг юм.  Нэхэх аргачлал, схем бүрийг нэгбүрчлэн сурчихаад 13-хан насандаа ажлын амтанд орж, “Би зөндөө алдаа гаргадаг байсан. Алдаан дээрээ суралцаж дахин засаж, сайжруулж бүр илүү гоё болгохыг хичээдэг” хэмээх хэдхэн үгийг сонсоод хайрлаж, бахархах сэтгэгдэл төрсөн юм. “Хүмүүс их сайхан хандлагатай. Үргэлж урмын үгээр шагнаж, мундаг охинд амжилт хүсье гэдэг үгийг сонсоод эрч хүч авдаг” хэмээн цовоо дуугаар инээмсэглэн хэлж буйгаас хүүхдийн гэнэн цагаан сэтгэл, хийж бүтээх их хүсэл тодрон харагдана. 

Дэлхий дахинд гар урлалын бүтээл хөгжиж, тэр хэрээр үнэлгээ өндөр байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ үнэлгээ өндөр байна хэмээн шүүмжилдэг. Угтаа эх орны хөгжлийн түүчээ нь өрхийн болон үндэсний үйлдвэрлэл юм. О.Ангирмаа охинд ч эл асуудал тулгарч байгааг нуусангүй. Утас зүү урлах ухаантай, ур дүйгээр хоршигдож, хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цаг заваа зарцуулж нэхдэг гэдгийг ойлгодоггүй хүмүүс үнээ буулга гэдэг  аж. Охин хэлсэн үгэнд нь орж огцом буулгах үе бий.  Гэхдээ өөрийнхөө хөдөлмөрийг хямдхан үнэлэхийг хүсэхгүй байгаагаа учирлаж байсан юм. 

Урлах ухаанд суралцаж яваа уран охин цаашдынхаа замыг зураглаж, зорилгоо тодорхойлжээ. Цаашид илүү их бүтээл урлаж, борлуулж, хүмүүсийн сэтгэлд нийцсэн бүтээл урлах гэнэ. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, хүүхдийн тоглоом, төрөл бүрийн хувцас гээд  нэхэх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байна. 

С.Ичинхорлоо 

No description available.No description available.No description available.No description available.No description available.