С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
А.Ариунзаяа: Тэтгэврээ өвлүүлэх боломж бүрдэнэ
Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Нийгмийн даатгалын хуулийг 1995 онд анх баталж байсан. Үүнээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт өөрчлөлтөөр хамрах хүрээг өргөтгөж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн хувь хэмжээг өөрчлөх, түрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлөх хугацаа, хэмжээнд өөрчлөлт оруулж байсан.
НДС-гийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж байна. Үүнд таван хууль багтаж байгаа.
1.Нийгмийн даатгалын ерөнхий хууль
2.НДС-аас олгох тэтгэврийн тухай хууль
3.НДС-аас олгох тэтгэмжийн тухай хууль
4.НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль
5.Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль
Эдгээр хуулиас онцлох заалтуудыг товчлон танилцуулъя. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд НД-ын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр хамрах хүрээг тогтоох, НД-д даатгуулах, шимтгэл төлөх, НДС бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах, хяналт тавих, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлж байна.
НДС-аас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргад тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн иргэдэд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодлох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил тэтгэвэр төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн урамшууллыг нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтуудыг оруулна.
НДС-аас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан гэр бүлийн гишүүдэд тэтгэмж олгох, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт олгоно. Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсан тэтгэмжийг 20 хоногоор нэмэх, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэхээр тусгасан. Даатгуулагчийг тогтвортой ажиллуулсан ажил олгогчийг тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар, гурван жил тутамд нэг удаа хөнгөлнө.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн, тэтгэврээ өвлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Мөн "НДС-гийн чөлөөт үлдэгдлийг нэмэгдүүлэх гурван зохицуулалт байдаг. Нэгд, арилжааны банкинд байршуулаад хүүгийн орлого олох, хоёр, гуравт, Монголбанк, Засгийн газар үнэт цаас худалдаж авах. Монгол Улсад өгөөжтэй, баталгаатай нь арилжааны банкуудад байршуулж, хүүгийн орлогыг авах байдаг. Нэг удаа үнэт цаас худалдаж авч байсан. Энэ гурваас гадна олон улсын зах зээл дээр гаргах, хөрөнгийн менежментийг зохицуулалтыг хийхээр тусгасан. Одоогийн байдлаар арилжааны банкуудад байршуулаад хүүгийн орлого авч байгаа НДС-гийн хөрөнгө байхгүй" гэдгийг хэлсэн юм.