С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцья
Улсын Их Хурлын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь билээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Технологийн IY хувьсгалын эрин үеэс гадна насан туршийн боловсролын шинэ чиг хандлага болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсролын салбарт гарсан ололт амжилт, алдаа дутагдлаа засаж залруулж, боловсролын салбараа цогцоор нь эргэн харах шаардлага гарсныг онцлон тэмдэглээд даяаршлын эрин үед өөрсдийнхөө өв уламжлалыг хадгалж, шинэ инноваци, олон улсын жишигт боловсролын стандартаа нийцүүлж чадсан Япон улсын туршлага бидний анхаарлыг татсан. Иймд “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцья" гэсэн уриаг дэвшүүлснийг онцлов.
Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэх боловсролын багц хуулийн төсөлд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл гэсэн зургаан хуулийн төсөл багтаж байгааг дурдаад хүмүүнлэгийн боловсролыг хуульчлах нь чухал гэж Улсын Их Хурал үзэж, энэ хүрээнд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг тусад нь байгуулсныг тодотголоо.
Түүнчлэн УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, энэ хэлэлцүүлгээр Та бид боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсохын зэрэгцээ бидэнд үлгэр дуурайл болж буй Япон Улсын боловсролын тогтолцоо, боловсролын реформ, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт, хүүхэд багачуудад ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролыг хэрхэн олгодог талаарх туршлагатай танилцах юм. Тиймээс энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төслүүд улам чамбайрч, хэлэлцүүлэгт оролцож буй Та бүхэн ч туршлага, мэдлэгтээ санаа авч, манай боловсролын шинэтгэлд чухал ахиц өөрчлөлт гарах эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв.