С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Булгантуяа: Сайн сайхан амьдрахад иргэдийн идэвх оролцоо хамгаас чухал
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхэний утга учиртай оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ-аас анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра: ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ НЭГЭН ЧУХАЛ АЯЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА
Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, “People in Need” олон улсын ТББ хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хөтөлбөрийг нээж үг хэллээ. Тэрбээр, ардчилсан нийгэмд эрүүл энх, эрх тэгш хөгжин дэвжиж сайн сайхан амьдрахад иргэдийн идэвх оролцоо хамгаас чухал байдаг хэмээн онцлоод "Дэлхийн улс орнууд үүнийг олон төрлийн хөтөлбөрөөр дэмждэг. Үүнтэй адилаар өнөөдөр бид залгамж халаа болсон өсвөр үеийнхэнийгээ шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, дэмжих, идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, мөн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, оролцоог нь хангах зорилготой "Өсвөрийн Парламент" хөтөлбөрийг эхлүүлж байна" гэв.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ. Энэ удаагийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бол удаад нь НҮБ-ын Суурин төлөөлөгчтэй хамтран хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаар сургалтууд зохион байгуулах аж. Түүнчлэн "Тогтвортой хөгжлийн зорилт", Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг сурталчлан таниулах, Монгол орон даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, нийгэм рүү чиглэсэн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сургалт, арга хэмжээг үүгээр эхлүүлж байгаагаа Х.Булгантуяа гишүүн дурдсан юм.