С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хэрэг эрхлэх газрын даргын ЛҮНДЭН
“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх Ажлыг хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлахаар болсон. Уг Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч нар оролцов.
Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажилгүй байгаа дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ажилтай болгож түлшний ажилд татаж оруулах үүрэг өгч, бүх талаас хяналт тавих хэрэгтэйг сануулав. Тэрбээр шахмал түлшний ажил бол зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ажил биш дүүргийн дарга нар, тухайн дүүргээс сонгогдсон төлөөлөгч нар ч анхаарч бүх талаас хяналтыг тавих ёстойг анхаарууллаа.
Мөн түлш борлуулах цэгийн сонгон шалгаруулалтыг оройтуулж хийсэн нь алдаа болсныг сануулав. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг 280 байсан бол өнөөдөр 412 болж нэмэгджээ. Энэ долоо хоногийн сүүлээр 450 болно, цаашдаа 600 болгохоор бүх бэлтгэл ажлыг хангасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцууллаа.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “ Түлш борлуулах цэгүүдийн сонгон шалгаруулалтыг нэг өдрийн дотор хийж маргаашнаас нь шууд гэрээ байгуулж шуурхай ажиллаж байгаа” гэв.
Мөн түлш борлуулах цэг ажиллуулж байгаа иргэдэд нийслэлээс урамшууллыг саадгүй өгч байгаа аж. Өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 71,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь оргил ачааллын үед хагас сар, энгийн үед нэг сарын хэрэглээ юм. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш өнгөрсөн онд 3,750 төгрөгөөр зарагдаж байсан бол Засгийн газраас шийдвэр гарч үнийг 75 хувь бууруулснаар нэг шуудай түлш 1,875 төгрөгөөр иргэдийн гарт хүрч байна. Түлшний үнэ хямд байгаа нь иргэд ихээр нөөцлөх шалтгаан болж байгаа тул гэр хорооллын иргэдэд түлшийг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс “Сайн карт”-ны хяналтыг сайжруулахаар боллоо.
"Сайн карт"-аар нэг өрх долоо хоногт зургаан шуудай нүүрс авах эрхтэй юм. Энэ нь өвлийн саруудад айл өрхүүдийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар юм байна.