НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ
Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ресторан зоогийн газрын холбоо, “БЭХ” Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ковид-19” халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ.
Дээрх холбоод хамтран хүний нөөц бүрдүүлж, 60 жолоочтой гэрээ байгуулан, аравдугаар сарын 4-нөөс жолооч нар ажиллаж эхэлжээ. Жолооч нар ажлын зургаан өдөртэй, 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна. Мөн өдрийн хоолтой, халдвар хамгааллын хэрэгслээр хангах юм. Жолооч нарын цалин, урамшуулал, дэмжлэгийг НЭМГ-аас гаргаж байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслүүдийг өрхийн эмнэлгээс гаргаж байна.
Монголын ресторан, зоогийн газрын холбооны ТУЗ-ийн гишүүн Ж.Мөнхсайхан “Цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, хүнд нөхцөлд ажиллаж байгаа салбарын нэг бол хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбар. Хэдий тийм ч бид УОК-оос гаргасан шийдвэрүүдийг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлж байгаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд УОК-т, НЭМГ-т болон эмч нартаа дэмжлэг үзүүлэхээр ресторан, зоогийн газруудыг уриалж, өрхийн эмнэлгүүдэд машинтай жолооч нараар дэмжлэг үзүүлэхээр хүний нөөц бүрдүүлэн ажиллаж байна” гэв.