НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Канад Улсыг Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Хойд Америк дахь стратегийн түнш, томоохон хөрөнгө оруулагч орон болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Улаанбаатар хот болон Канад Улсын нийслэл Оттава тэргүүтэй хот, мужууд хооронд ах дүүгийн харилцаа тогтоож, хоёр орны орон нутгийн түвшний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн зам, дэд бүтцийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, нийслэлийн хотын дүрэм, стандартыг тодорхойлох чиглэлээр Канад Улсын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болохыг онцлов.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкоф Улаанбаатар хот болон Канад Улсын муж, хотууд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудын хүрээнд хамтран ажиллах нөөц бололцоог судалж, Канадын боловсролын системийг нийслэлд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг дурдав.
Түүнчлэн талууд цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хотууд хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.